АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг, Энэтхэгийн Субрахманям Жайшанкар, Японы Такеши Ивая нар дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээний уулзалт Вашингтонд болсон талаар Төрийн департамент мэдээлэв. Дөрвөн улсын гадаад бодлогын албан тушаалтнууд “хууль дээдлэх ёс, ардчиллын үнэт зүйлс, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн хамгаалсан чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг бэхжүүлэх хамтын амлалтаа” дахин нотолсон гэж мэдээнд дурджээ.
“Бид өсөн нэмэгдэж буй аюул заналхийллийн үед бүс нутгийн далай тэнгис, эдийн засаг, технологийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ найдвартай, уян хатан нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхийн төлөө байна” гэж тэд хэлсэн байна. Мөн Энэтхэгт болох “дөрөв”-ийн удирдагчдын дараагийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх үүднээс ийм уулзалтуудыг тогтмол зохион байгуулна гэж тэмдэглэжээ. Уулзалт АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөсний маргааш болжээ.