2020 онд буюу сонгуулийн жил “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг өгч байсан юм.
Энэ удаад Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг нэг мөр зохицуулахаар тогтоолын төслийг боловсруулжээ.
Төсөлд тусгасан зохицуулалтуудыг харвал
- “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх
- Компанийн хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдэд үргэлжлүүлэн, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан тус тус эзэмшүүлнэ.
- 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд компанийн хувьцааг эзэмшүүлэх
- Иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулна.
- Компанийн хувьцааны 1,072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр /933 төгрөг/ нь буцаан худалдан авч, иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг 2028 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл олгоно гэжээ.
Тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн батлах юм.
2020 оны байдлаар тус компанийн хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо:
Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг | Тус хувьцаанд ногдох үнэ /₮/ | Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо |
---|---|---|
527 | 47,130 | 10,844 |
536 | 48,240 | 28,160 |
741 | 66,690 | 334,519 |
750 | 67,500 | 667,898 |
848 | 76,320 | 41,359 |
857 | 77,130 | 131,256 |
955 | 85,950 | 9,393 |
964 | 86,760 | 34,491 |
1,063 | 95,670 | 56,346 |
1,072 | 96,480 | 1,080,592 |