Автомашины ослын үнэлгээг хиймэл оюун ухааны тусламжтай хийдэг болно

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбарын оролцоо, шийдлийн талаар санал солилцжээ.

Нийслэлийн хэмжээнд 08:00-19:00 цагийн хооронд нийт ослын 71 хувь нь гардаг бөгөөд зам тээврийн нэг ослоос үүдэн замын хөдөлгөөн дунджаар 38 минут саатдаг гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, осолд орсон автомашин зам дээр зогсох тусам хотын замын хөдөлгөөний дундаж хурд удааширдаг байна. Энэ байдлыг бууруулахаар технологийн шийдлүүд боловсруулсан талаар Монголын Даатгалын Холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг нэг болох авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбараас тодорхой шийдлүүдийг боловсруулж байгаа.

Тодруулбал зам тээврийн осол гарахад даатгалын компани дуудах цагийг бууруулах зорилгоор хиймэл оюун ухааны тусламжтайгаар газар дээр нь үнэлгээг нь хийх боломжтой “Zuragu system” гэх технологийн шийдлийг боловсруулсан.

Даатгалын салбарт хэрэгжиж байгаа нэгдсэн мэдээллийн систем болох эрсдэлийн мэдээллийн зураглалаар дамжуулан Улаанбаатар хотын хаана, ямар эрсдэл гараад байгааг тодорхойлдог блокчейн технологийг шийдсэн. Эдгээр мэдээллийг нэгтгэн дүгнэлт гаргадаг даатгалын мэдээллийн санг нэвтрүүлэх шийдлийг боловсруулаад байна. Эдгээрийг нэвтрүүлснээр зам тээврийн ослыг тодорхой хэмжээнд бууруулах, хурдан хугацаанд зам тээврийн ослын шалтгааныг шийдвэрлэх, эрсдэл бүхий замыг харах боломж бүрдэж буй юм” хэмээн танилцуулжээ.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Цагдаагийн Ерөнхий Газар, Тээврийн Цагдаагийн Алба, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Даатгалын Холбооны төлөөлөл оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *