Улаанбаатар хот энэ жил гадаад бонд гаргахаар төлөвлөж байна. Гадаадын зах зээл харьцангуй нааштай байгаа тул гуравдугаар сар гэхэд гадаад бонд гаргана гэдгээ Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэллээ.
Тэрбээр “Нийслэл бонд гаргах эрх нь нээгдсэн. Засгийн газраас шийдвэр гарч, бэлтгэл ажил нь өнгөрсөн оны аравдугаар сард хангагдаад цан цохих л дутуу байсан тэр үед бид ажил солилцсон. Би Хотын даргаар ирээд, тухайн үед дотоодын бондоор санхүүжүүлэх төслүүд нь эдийн засгийн төдийлөн үр өгөөжгүй гэж үзээд түр хойшлуулсан.
Та бүхэн санаж байгаа бол коксон нүүрс авах, сургууль цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилтийг хийх, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг санхүүжүүлэх зэрэг төсөл дээр 500 орчим тэрбум төгрөгийн дотоод бонд гаргахаар байсан. Тэр үед тулгамдаж байсан асуудлуудыг нийслэлийн төсвийн тодотгол хийгээд шийдчихсэн.
Харин одоо гадаад бонд гаргах учир нь Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахад 100 хувь зориулах юм. Ингэхийн тулд нэлээд хэдэн жилийн өмнө дэд бүтцийг нь татчихсан Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвийг барилгажуулахад гадаад бонд гаргах, ялангуяа гадаад бонд “ногоон” байвал хүү багатай босно гэж гаднын зөвлөхүүд зөвлөөд байгаа. Тиймээс бид Өрийн удирдлагын тухай хуульд төгрөгөөр гэдгийн ард валютаар хэмээн оруулах гэж байгаа. Учир нь ихэвчлэн гадаад валютаар барилгын материал худалдаж авдаг. Арматур, цемент, хаалга цонхны түүхий эд гээд бүгд.
Бид энэ жил 20,000 айлын орон сууц барих том амбицтай хөдөлж байгаа тохиолдолд ханшид дарамт учруулж болзошгүй. Тиймээс бага хүүтэй гадаад бонд гаргах, гадаад бондоор ханшийн дарамтад нөлөө үзүүлэхгүйгээр төслүүдээ санхүүжүүлэх зорилготой. Дэд төвүүдийг барьж чадвал түгжрэлийг 40 хувь, агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна. Засгийн газрын “Сенчири 3″ бонд 7.48 хувийн өртөгтэй гарч ирсэн. Эрэлт нь 13 дахин их байсан. Бид ч мөн гадаад зах зээл аятайхан байгаа нөхцөл байдлыг ашиглаад хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сард гэхэд нийслэлийн бондыг гадаад зах зээлд арилжъя гэж байгаа” хэмээв.