Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт 34 настай залуугийн зураг Европын том хэвлэлүүдийн тэргүүн нүүрийг эзлэв. Юун учиртай, ямар хүн юм бол гэж та гайхаж байна уу. Энэ хүн бол Францын орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд, мөн Францын анхны ижил хүйстэн ерөнхий сайд Габриэль Аттал байлаа. Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ оны эхээр Засгийн газраа шинэчлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн даруйд, дараачийн ерөнхий сайд хэн байх вэ? гэсэн олон арван таамаг гарч байв. Нэр дэвшигчдийн нэрс дотор Габриэль Аттал гэдэг хүчтэй сонсогдож байсан ч баттай итгэл төрүүлэхгүй байв. Учир нь тэр нэгд дэндүү залуу. Дөнгөж өнгөрсөн жил Францын Үндэсний боловсрол, залуучуудын яамны сайд болсон. Тэрнээс өмнө засгийн яам тэргүүлж байгаагүй тул Аттал хүнд ачаа үүрэх туршлагагүй гэж хүмүүс эргэлзэж байв. Гэтэл… гэтэл юу болсон гэхээр Габриэль Аттал ерөнхий сайд болов. Түүний улс төрийн карьер пуужингийн хурдаар цойллоо гэж хэвлэлүүд шуугиж байна.
Гучин нас ч хүрээгүй Аттал 2018 онд Үндэсний боловсрол, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга болж, түүнээс хойш тасралтгүй өгсчээ. Цар тахлын үед Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдож, чухам тэр цагаас олны танил болсон юм. Өнгөрсөн оны долдугаар сард Үндэсний боловсрол, залуучуудын яамыг толгойлох болж, тэр цагаас сургуулийн орчин дахь бэлгийн дарамттай тэмцэх, боловсролыг шашингүй болгох чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого нь тодорхой үр дүнд хүрэв. Үр дүн хоосон байсангүй. Тэр хэрээр Атталын нэр хүнд өсч эхэлжээ. Засгийн газар өөрчлөгдөх мэдээлэл гарсны дараа олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас харвал дараачийн ерөнхий сайд байх хамгийн тохиромжтой нэр дэвшигч бол Габриэль Аттал гэсэн үр дүн гарч байв.
Габриэль Аттал ерөнхийлөгч Эммануэл Макронтой дотно, ерөнхийлөгчийн “үнэнч туслах” гэгддэг байна. Улс төрийн карьераа зүүний социалист намаас эхлүүлж, 2016 онд Эммануэл Макроны үүсгэн байгуулсан Урагшаа хөдөлгөөнд элсэж, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллав. 2023 оны сүүлчээр Макрон телевизийн ток шоунд оролцохдоо, “Аттал миний улс төрийн тэмцэлд эхнээсээ хамт алхаж, урам зориг өгдөг байсан” гэж онцолсон нь учиртай байж. Францад хэт барууны үзэл газар авч байгаа энэ үед Габриэль Атталын нэр хүндийг ашиглаж хэт барууны хүчинтэй өрсөлдөх нь Макроны сонголт юм гэж шинжээч үзсэн байна. Хэт барууны хүчний Үндэсний эвслийн дарга 28 настай Жордан Бардейрагийн өөдөөс Габриэль Атталыг сөргүүлэн тавихад давуу талтай гэж зарим тоймчид онцолж байна. Францын Эллабэ санал асуулгын компанийн санал асуулгаар Атталын рейтинг 39, Балдейрагийнх 33 хувьтай гарч байв.