Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод тээвэр зууч, ложистикийн үйлчилгээ эрхэлдэг 200 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ нь түгжрэл, газар ашиглалтад сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйлсийн нэг болжээ. Иймд “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-аас нийслэлийн зүүн урд зүгт, хотын төвөөс 34 км зайд, 130 га талбайд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа аж.
Уг төсөл дөрвөн үе шаттай бөгөөд 2050 он хүртэл хэрэгжинэ. Энэ оны эхний улиралд төслийн I, II шатны бүтээн байгуулалтыг, улмаар 2025 оны эхний улиралд тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв байгуулах төслийн талаар тээвэр, ложистикийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагыг хотын хоёр захад гаргана. Ингэхдээ хоёр төвийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулах шаардлагатай. Мөн тухайн байгууллагуудын үйл ажиллагааны тэгш оролцоог нийслэлийн зүгээс хангаж өгнө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбаатар хоттой хамтын ажиллагаатай олон улсын байгууллагуудтай уулзаж, санал солилцох, хувийн хэвшлийн байгууллагууд санаачилгатай оролцох хэрэгтэй” гэв. Харин уулзалтад ирсэн төлөөллүүдийн зүгээс Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв байгуулахдаа байгууллагуудын бодлогыг нэгтгэж, тодорхой болгох нь зүйтэйг хэллээ.