Х.Нямбаатар: Зайсан, Богд уулын аманд боссон үнэтэй хаус хорооллуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авна

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.  Өнөөдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэх юм.

Өнөөдрийн хуралдааны эхний асуудал болох Төрийн хэмнэлтийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тус хуульд доорх заалтуудыг нэмэлтээр тусгаж байгаа аж. Үүнд:

  1. газар нутгийн хэмжээ, алслагдмал байдал, хүн амын тоо, тархан суурьшил зэргийг  харгалзан нийслэлээс алслагдсан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газарт автомашин ашиглах зохицуулалт;
  2. төсвийн байгууллага, албан тушаалтны гар утасны зардлыг санхүүжүүлэхийг хориглосон зохицуулалтыг өөрчилж, албан ажлын онцлогийг харгалзан шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн албан хаагчийн гар утасны зардлыг санхүүжүүлэх;
  3. сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулах зохицуулалтыг хуулиас хасах заалтыг тусгасан байна.

Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр 2022 онд 5.7 тэрбум төгрөг, 2023 онд нэг их наяд төгрөг хэмнэсэн байна.  Үргэлжлүүлэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэж байна.

Өрийн удирдлагын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсгийн “дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж болно” гэснийг “Нийслэл нь гадаад үнэт цаасыг нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөнд туссан, Засгийн газраас зөвшөөрсөн томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын өрийн баталгаатайгаар гаргаж болно” гэж нэмсүгэй хэмээн тусгасан байна.

Тус хуулийн зүйл заалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бондын ашиглалт болон Улаанбаатар хотын орлогын боломжийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сэлбэ дэд төвийг барьж байгуулснаар 701 га газар чөлөөлөгдөнө. Тус газрыг барилгын компаниудад худалдан борлуулж бондын өрөө төлнө.

Хэрэв бонд маань ногоон байвал Засгийн газрын хүүгээс хоёр хувь бага байна. Төгрөгөөр бонд гаргасан тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид сонирхохгүй гэдгээ илэрхийлсэн.

Улаанбаатар хотын ихэнх үл хөдлөх хөрөнгө 2000-аад оны өмч хувьчлалын үед бичигдсэн үнээр татвар төлөгддөг. Мөн үл хөдлөх хөрөнгийн бүсчлэлийг эргэж харна.

Зайсан, Богд уулын ам бүрд үнэтэй хаус хороолол боссон. Газрын зориулалт нь аялал жуулчлалын отог нэртэй. Эдгээрийн үл хөдлөх хөрөнгийг тооллогод хамруулж татвар авахаар төлөвлөж байна.

Барууны орнуудад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нотариатын хийсэн тухайн жилийн хэлцлүүдийн дунджаар бүс бүрээр нь гаргадаг. Манай улсад ийм жишиг тогтоогүй. Жилд 1,000 орчим үл хөдлөх хөрөнгийг улсын комисс хүлээн авч байгаа” хэмээн ярив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *