СЭТГЭЛИЙН ДЭМ: Сэтгэлд гэрэл  асаалаа

Төслийн хугацаа дуусаж, дахиад хичээлд суухгүй гэхээр гунигтай байна. Өөр газар ийм сургалт зарлагдвал  хайж очоод сууна даа. Энэ сургалтад суугаагүй бол би өнөө л бахь байдгаараа, нэг л их ууртай, загнаж зандачсан хүн, үр хүүхдийнхээ нуруунд ямар их ачаа үүрүүлж байснаа ч мэдэхгүй, усаа авсан уу, түлээгээ бэлд гээд л тачигнаад явж байх байсан даа. Намайг энд дагуулж ирсэн Б…..найздаа маш их баярлаж байна.

Хичээлд сууж эхэлснийхээ дараахан өглөө сэрээд “Сайхан амарсан уу?”  гэж гэр бүлийнхэнтэйгээ мэндэлсэн чинь нөхөр маань “Манай энэ галзуурчхаж”  гэж билээ. Харин одоо бол манайхан унтахдаа “Сайхан амраарай, гоё зүүд зүүдлээрэй”, өглөө сэрээд “Сайхан амарсан уу, сайхан зүүд зүүдлэв үү?” гээд  хоорондоо  мэндэлдэг, ярилцдаг болсон.

10 настай хүүтэйгээ анх удаа хэрэг болгож ярилцаж үзсэн чинь хүү минь бөмбөлзтөл чичрээд уйлж билээ. Тэгэхэд л би тэр жаахан амьтны нуруунд дааж давшгүй хүнд  ачаа үүрүүлчхээд, тэгэх л ёстой юм шиг анзаарах ч сөхөөгүй явж байснаа ойлгож толгой руугаа цохиулах шиг болсон. Хүү минь “Та надтай хэзээ ч ярилцдаггүй, хэлдэг үг нь усаа авсан уу, түлээгээ бэлдсэн үү, хоолоо хийсэн үү л гэдэг. Намайг  ус түрээд явж байхад нэг хүн бээлий өгөөд “Яасан өрөвдмөөр юм бэ” гэж хэлсэн гээд уйлахад  нь би хүүгээ өвлийн хүйтнээр усанд явахад нь малгайгаа өмс, бээлийгээ ав гэж хэлж байгаагүйгээ санаж, бид хоёр бие биеэ тэврээд зөндөө уйлалдсан. Дэмий л “Уучлаарай, ээжийгээ уучлаарай…” гэж уйлахаас өөрийг тэгэхэд би хэлж чадаагүй. Тэр шөнө хүүгээ тэврээд унтахад турьхан  жаахан нуруунаасаа хүнд ачаа аваад хаячихсан шиг зүүд нойрондоо эхэр татан татан унтаж билээ. Хүү минь  хичээл дээрээ сууж байснаа “Ингэхэд би галаа түлсэн бил үү…” гээд босоод ирсэнийг багшаас нь сонсоод өр минь өмөрч, өөдсийн чинээ хүүгээ өрөвдөн өрөвдөн өөрийгөө зэмлэсэн. Түүнээс хойш би “Миний хүү усанд явмаар бол яваад, явмааргүй санагдсан үедээ хэрэггүй, ээж нь өөрөө авчихна” гэдэг болсон. Хэд хоногийн өмнө хүүгээ хоёр найзтай нь анх удаа амралтад явууллаа. Хүү минь ямар их баярласан гэж санана. “Ээжээ, тандаа хайртай шүү” гээд л нүд нь гэрэлтээд гүйгээд явсан.

Хүүхдүүд минь хагас сайн өдрийг тэсэн ядан хүлээж “Ээж ээ, маргааш хагас сайн шүү. Та хичээлдээ явна тээ” гээд өөрсдөө нэг их гоё юманд явах гэж байгаа юм шиг хөөрцгөөдөг. Ээж нь хагас сайнаар нэг хичээлд яваад  маш сайн ээж болж өөрчлөгдөөд байгаад баярлаж байгаа нь тэр. Нөхөр маань ч бас “ Чи ямар гоё юманд яваад байна аа. Ааш араншин чинь сайхан болж, царай зүс чинь ч өнгө ороод нэг л өөр…” гээд их дуртай байгаа. Ээж минь  “Дөрвийн дөрвөн хүүхэдтэй ядарсан муу авгайд юу байдаг юм” гэж ирээд  л үг хэлүүлэхгүй уурлаад байдаг хүн төрөл арилжсан юм шиг аятайхан болоод байх чинь юу болов гээд  гайхаад байгаа.

“Сэтгэлийн дэм” дэмжих бүлгийн сургалт бидэнд маш сайнаар нөлөөллөө. Өмнө нь стресс бухимдлаа тайлна гэхээр найз нөхдөөрөө нийлж баар цэнгээний газар орж, ууж, дуулж л мэддэг байсан бид одоо тайвшрахын тулд сайхан хөгжим сонсож, ярилцаж, бясалгал хийдэг болоод байна. Тайвшралын энэ аргууд үнэхээр үр дүнтэй, бас их сайхан гэдгийг өдөр ирэх бүр улам сайн мэддэг болж байна. Эмэгтэйчүүд бид дотроосоо гэрэлтдэг болоод байна

Энэ бол “Сэтгэлийн дэм” төсөлд хамрагдсан 34 настай Б.Э……гийн яриа. Тэр 4-10 насны дөрвөн хүүхдийн ээж. Түүний эргэн тойрны найз нөхдийн дунд ч дөрвөөс дээш хүүхэдтэй, олон жил гэртээ суусан, амьдралд түүртсэн, стресс бухимдлаа хэрхэн гаргахаа мэдэхгүйгээс уурлаж, уйлах нь их, бас ганц нэг шил шар айраг уухыг стрессээ тайлж байна гэж ойлгодог эмэгтэйчүүд олон. Одоо харин өөр шиг нь амьдралыг туулж яваа  эмэгтэйчүүдийг энэ сургалтад дагуулаад ирэх юмсан, эмэгтэйчүүд бид өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргаж, үр хүүхэд, хань нөхрөө, хорвоог  хайрлаж харснаар, хайртай хүмүүстэйгээ сэтгэлээ нээж ярилцсанаар амьдралыг гэрэл гэгээтэйгээр харж, өөрчилж болдог юм байна гэдгийг ойлгуулахсан гэж хүсдэг болсон гэнэ.

Орон Нутгийн Санаачилгыг дэмжих Канад сан  хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монголын Буддын Соёлын Төв” ТББ-аас Баянзүрх дүүргийн 11-р хороонд “Сэтгэлийн дэм” төсөл хэрэгжүүлж байна. Төсөлд Баянзүрх дүүргийн 11-р хорооны 20 гаруй эмэгтэй хамрагдаж байгаа юм. Тэд эмэгтэйчүүдийн дэмжих бүлэгт хамрагдсанаар амьдралыг өмнөхөөсөө өөрөөр хардаг болж, ирээдүйдээ итгэх болсноо, харилцааны ур чадвараа нэмэгдүүлснээ ам уралдан ярьж байна.

                                                                                                           2024.1.15

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *