Путин дайнаас хойш анх удаа барууны сэтгүүлчид ярилцлага өгнө

“Fox news” сувгийн хөтлөгч асан Такер Карлсон ОХУ-ын ерөнхийлөгч Путинээс ярилцлага авахаар удахгүй Москваг зорино гэв. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Путин анх удаа барууны сэтгүүлчид ярилцлага өгч буй тохиолдол болно. Кремлийн зүгээс энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна.

“Америкчууд өөрсдийнхөө нэр холбогдоод буй дайны тухай бүхнийг мэдэх эрхтэй. Ийм ярилцлага хийх нь мэдээж эрсдэлтэй. Тиймээс бид олон сар бодсон. ОХУ явах зардлаа би өөрөө гаргана. Дэлхий ертөнцийг өөрчилж буй мөргөлдөөний талаар ихэнх америк хүн мэдээлэлгүй байгаа учраас энэ ярилцлагыг хийхийг хүссэн. Дайн эхэлснээс хойш барууны сэтгүүлчид Зеленскийгээс олон удаа ярилцлага авсан. Эдгээр нь АНУ-ын дайны оролцоог нэмэгдүүлэх Зеленскийн хүсэлтийг дэмжих зорилготой ярилцлагууд байсан.

Энэ бол сэтгүүл зүй биш, засгийн газрын суртал ухуулга. Гэтэл өнөөдрийг хүртэл барууны нэг ч сэтгүүлч Путинээс ярилцлага авсангүй” гэж тэр твиттертээ жиргэжээ.

Такер Карлсон ерөнхийлөгч Путиныг ил тод өмгөөлж, хамгаалсаар ирсэн. Дайны өмнөхөн тэрбээр “Путиныг үзэн ядах нь Америкийн гадаад бодлогын гол чиглэл болсон” гэж мэдэгдэж байв. Мөн яагаад ингээд байгаагаа өөрсдөөсөө асууж үзэхийг уриалж байжээ.

“Путин намайг арьс өнгөөр ялгаварлагч гэж дуудсан бил үү? Өөртэй нь санал нэг байгаагүйн төлөө заналхийлсэн бил үү? Энэ бол шударга асуулт. Хариулт нь: Үгүй. Владимир Путин эдгээрийн алийг нь ч хийгээгүй” гэж Карлсон хэлжээ.

Харин дайны дараа Такер Карлсоны үг хэллэг бага зэрэг өөрчлөгджээ. “Путин энэ дайныг эхлүүллээ… Украинд болж буй зүйлд тэр буруутай” гэж Карлсон хэлсэн байна.

Такер Карлсоны ярилцлагын тов албан ёсоор гараагүй. Гэхдээ ямар ч засвар хийлгүйгээр твиттертээ шууд дамжуулна гэдгээ тэр мэдэгджээ. “Х” платформын эзэн Элон Маск уг ярилцлагыг хааж хорихгүй гэдгээ амласан байна.

Дашрамд дурдахад, “BBC” агентлаг сүүлийн 18 сарын турш хэд хэдэн удаа Путинээс ярилцлага авах хүсэлт гаргасан ч Кремль үргэлж татгалзсан хариу өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *