Монгол тооллоор жилийн эхний сарыг Цагаан сар гэх бөгөөд цаг хугацааны “Цагаан сар” буюу илүү оновчтойгоор тэнгэр эрхсийн “Цагаан саран” гэсэн утгатай юм. Басхүү уг нэршлээр зөвхөн шинэ сарын эхний өдөр буюу шинэ жилийн өдрийг нэрийднэ. Тусгайлан жилийн эхний сар буюу саранг хүндэтгэлтэйгээр ийнхүү нэрлэх ба бусад сарыг хоёр, гурав, дөрөв гэх мэтээр дуудна. Манай шинэ жилтэй адилавтар энэхүү “Цагаан сар” нь хамгийн хүйтэн улирлын дунд үеэр тохиох бөгөөд хэдий Цагаан сарын үеэр Монгол газар нутаг цасан хучлагаа гээж орхиод жавар ноёнтон цан хүүрэгт бууралтсан хамар хацрыг таалж, үстэй малгайн чих цан хяруунд цайран бүрхэгдэхүй дор нар салхинд зүдэрсэн царай нь орог саарал харагдавч нэр нь үлэмж зохицсон гэлтэй.
Цагаан сар голдуу Хятадын шинэ жилийн дараа болох ба чингэхдээ нэг өдрийн хойно тохионо. Гурван жил тутам нэг сарын дараа болно. Тиймээс 1912 онд Хятадын шинэ жил 2 дугаар сарын 18-нд, Цагаан сар 2 дугаар сарын 19-нд, 1913 онд Хятадын шинэ жил 2 дугаар сарын 6-нд, Цагаан сар дараагийн өдөр нь тохиож, харин 1914 онд Цагаан сар 2 дугаар сарын 25-ны өдөр тохиосон нь Хятадын шинэ жилээс бүтэн нэг сарын дараа болсон хэрэг байв.
Шашны үүднээс илүү чухал тэмдэглэлт өдрүүд байдаг хэдий ч Цагаан сараас илүүтэй баяр ёслол, тэмдэглэлт өдөр үгүй нь илэрхий байдаг…
Харин Цагаан сар тэдний бэлгэшээлт төрсөн өдөр буюу хүн бүрийн аз жаргалтай өдөр нь билээ. Цагаан сар нь монголын бусад тэмдэглэлт өдөр, баяр ёслолоос хавь илүү бэлтгэл ажил, мөнгө цаас болон амьдралын элдэв зүйлсийн бэлэг сэлт шаардсан баяр болдог юм.
Зул сар болон шинэ жилийн баяртаа бэлтгэх дийлэнх барууныхны адилаар монголчуудын цагаан сарын бэлтгэл ажлыг хоол ундаа зэхэх, гэр орноо цэвэрлэж цэгцлэх, бэлэг сэлт солилцох гэсэн гурван үндсэн хэсэгт хувааж болох юм.
Шуудангаар харилцан мэндчилгээ зурвас илгээдэг барууны заншлыг монголчууд үл мэдэх ба тийн үйлдэж буй гадаадынхныг анзаарсан нэгэнд их л сонин санагдах ажээ. Гадаадад багагүй амьдарсан нэгэн монгол оюутантай ярьж суутал ярианы сэдэв баярын мэндчилгээ болон өөрчлөгдөхөд тэрээр “Миний бодлоор илгээж байгаа хүндээ ил захидал, шуудангийн зардлаас цаашгүй, хүлээн авч байгаа хүн нь олныг авч байж баярлах ёстой юм шиг нэгэн зүйлийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг аятай, утгагүй хачин заншил” гэж хэлсэн юм. Тэр оюутны зөв мэтээр бодогдох үе олонтоо тохиож байлаа.
Цагаан сарын бэлгэнд хэм хэмжээ гэж огт үгүй. Үнэ цэнэтэй хуйлаа торго, гадаадын үнэтэй ангийн буу, нагаан буу, хурдан гар буу, янз бүрийн үслэг эдлэл, хурдны морь, хятад болон гадаадын төрөл бүрийн тавилга, гэр ахуйн бараа, цаг гэх мэт олон зүйл Цагаан сарын өмнөхөн шинэ эзэндээ хүрнэ. Нэг удаа манай гэрийн эзний ноёд түшмэдэд илгээж байсан бэлгийн дунд унадаг дугуй байсан бөгөөд тэр дугуйг нь морьтой хоёр хүн дундаа урт саваа модноос бэхлээд авч явж байлаа.
Миний хувьд харилцаа холбоотой байдаг монгол найз нөхөд, ноёд түшмэд бүгдээс нь Цагаан сарын бэлэг хүлээн авах тул хариуд нь нэлээд бэлэг өгөх хэрэгтэй болдог байв. Монголчууд надтай өөриймсүү хандахыг бүхий л талаар хичээж байгаа нь илэрхий байсан бөгөөд Монголын энэ байдал надад юу юунаас илүүтэй таалагддаг байсан юм….
Орой нь тахилын цөгцнүүдийг шинэ идээ ундаагаар сэлбэн дүүргээд зулын голыг шинээр ороон цөгцийг нь шинэхэн тосоор дүүргэнэ. Айл өрх тахилын ширээгээ аль чадах чинээгээрээ өнгөлөн сэргээж, ерөнхийдээ гэрийнхээ сахиус буюу “бурхан” залсан гууг томхон шиг “хадгаар” бүтээсэн байна. Бараг л айл бүр бурхан тахилынхаа өмнө томхон тавагтай чанасан мах тавьсан нь хаалганы баруун тал руу бага зэрэг хажуудсан янзтай байх бөгөөд мөн л том хадаг нөмөргөсөн байх ажээ. Ихэнх тохиолдолд авдар саваа ухаж, зарим нэг эртний ховор нандин “бурхны” хуйлмал танка гарган гэрийн хойморт хүндтэй газраас өлгөсөн харагдана. Гууль, ган буюу мөнгөн чимэглэл бүхий гоёмсог зэс цайны домбо, бас бус зэс сав суулга байдгаараа гэрэлтэн гялалзана. Авдар сав, жижиг ширээ бүгд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байх бөгөөд харсан хэн бүхэнд жилийн сүүлийн үдшийн хиргүй тунгалгийг аргагүй санагдуулна.
Ингээд Цагаан сарын бүх зүйл бэлэн болно…
Хуучин оноос шинэ он руу шилжих шөнө лам нарын хувьд баярлаж суух бус үүрэг хүлээх цаг юм. Битүүний өдөр лам нар зүг бүрээс ирцгээж, шөнийн турш хурал ном хурахаар тус тусын хийд дээр орой нь цугларна. Олны бүдүүн баргил хоолой сэтгэлд нийцтэйхэн нэгэн жигд өнгөөр хүнгэнэн залбирал үйлдэхүйд үе үе хэнгэрэг, дамар дүнгэнэж, заримдаа цан цангинан завсарт нь хөгжмийн зэмсгүүд уухилсаар бүгдийн анхаарлыг аргагүй татна. Олон янзын хэнгэрэг цан, хүний дунд чөмгөний ясан ганлин бүрээний гаслах дуун, басхүү арван хоёр тохой гаран урттай их бүрээ тэргүүтэй лам нарын хурал номын хэрэгт хөг нэмэх бүхий л зэмсгүүд хангиналдаж, шөнийн цагаар алс хол сонстоно. Хааяахан хийдээс гарах дуу чимээ хэсэг зуур намжих бөгөөд лам нар энэ үеэр түр амсхийн манз цав барина. Голдуу манз төдийхнийг зооглодог бололтой байдаг юм. Гэвч нам гүм завсарлага нь цөөн хийгээд хоорондох зай нь холхон лам нар үүр цайтал зогсолтгүй хурна.
Оскар бээр цааш нь Сайн ноён ханд “Америк зуух” өгсөн тухай, монголчууд банш хэрхэн хийдэг, битүүний өдөр долоогоос багагүй удаа зоог барьдаг монгол заншилын тухай зэрэг олон сонирхолтой зүйлсийг өгүүлсэний зэрэгцээ гэрийн эзэн Лувсанжанцан бэйсийн хамаатан болох Манзушир хутагтын ах Лувсандоржийнд мориор Богд уулыг даван очиж, шинэлсэн тухайгаа дэлгэрэнгүй бичсэн бий.
Оскар Мамен цааш өгүүлэхдээ:
Цагаан сараар Өргөөд байх миний хувь олон ч удаа тохиожээ. Монголчууд эр эмгүй өвөл цагийн бүхий л гоёлын хувцас зүүсгэлээ өмсөхөөрөө гайхалтай сайхан харагдана. Тэдний дунд урт удаан амьдрахын хэрээр ганган дэгжин хувцасласан байхыг нь харж дассан хэдий ч ямарваа нэгэн байдлаар энэхэн биеэ гайхамшигтай болоод мөрөөдлийн үлгэрийн нэгээхэн хэсэг болсон мэт бодол сэтгэл минь хэзээд үл замхарна. Цагаан сарын бэлтгэл ажлыг удаа дараа нүдээр үзэж, гар бие оролцон басхүү өөрийн хүмүүстээ хийх ажлыг нь зааж хэлдэг болов. Би энэ бүхний гүнд нэвтэрч, дотоод мөн чанарыг нь бүхий л талаар ойлгон хуваалцах болсон бөгөөд монголчууд, цөмөөрөө, тиймээ Богд хаанаасаа эхлээд харц ядуу хүн нь хүртэл сэтгэлийг минь ойлгож, чин сэтгэлээсээ талархаж байсан гэдэгт би одоо хэр итгэлтэй байдаг юм.
Оскар Мамен бээр монголчууд бэлгийнхээ “үргэлж хамгийн үнэ цэнэтэйг Богд хаандаа өргөн барихыг мэдүүлэх нь олзуурхууштай сайхан зан чанар” хэмээн үнэлснийг өнөөгийн монголчууд бид эргэн тунгаахад илүүдэхгүй биз ээ.
Түүнчлэн “Богд хаан өгснөөс минь илүүтэй их бэлгийг надад байсныг хожим би ухаж мэдсэн юм” гээд “Эл учир нэгэн удаа Цагаан сараас арваад хоногийн өмнө хааны сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг төрүүлэх санаатай элдэв бэлэг сэлтийг орос дөрвөн дугуйт морь тэргийг дүүртэл ачлаа”, “Хэдэн цагийн дараа гэрийн эзэн болон бусад нь буцаж ирвэл сүйх тэрэг нь хоосон авч бүгдээс баярын инээмсэглэл тодорно. Лувсанжанцан баярласандаа хөл газар хүрэхгүй болоод надад хандан мэлмий нь булингартах болсон Богд хаан бээр бэлэг сэлтийн нарийн ширийнийг таалан болгоож, шадар хүмүүс нь нэг бүрчлэн тайлбарлан өгөхөд сэтгэл хөгжин улам нь сэргэж байсаныг хэлсэн юм” хэмээн бахдан тэмдэглэсэн нь содон харагдана.
БОГД ХААНЫ БЭЛЭГ
Цагаан сарын өдрүүдийн нэгэнд Богд хаанаас элч заран Оскар Маменд бэлэг хүргүүлсэн байна. Гадаад, дотоодын хэн бүхний сонирхлыг ихэд татсан Богд хааны бэлгийн талаар тэмдэглэснийг сонирхоцгооё.
Богд хааны түшмэл “хадгаа” гар дээр минь тавиад Богд хааны хишиг, ерөөлийг тосон авахыг хүсэмжлэв… Түшмэл намайг гэртээ байхад таарсандаа баяртай байгаагаа илэрхийлж, бэлгийг шууд надад хүргэж өгөх хатуу зарлиг авсан учир өглөө эртийн цагаар ирсэн болохоо хэлсэн юм. Удалгүй зочдыг цай, боовоор дайлав. Мөн би хатуухан юм санал болгосон ч тушаал гүйцэтгэж яваа Богдын албат уух учиргүй хэмээн мэдэгдээд цөмөөрөө уухаас татгалзав. Харин бүгд тамхи татацгааж, мордоход нь би нэжгээд тамхи ахиухан өгч билээ.
Энэ удаад хүлээн авсан бэлэг маань миний сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг төрүүлсэн юм. Бэлгийг үзвэл дээд зэрэглэлийн үнэгний найман арьс, ялангуяа дөрөв нь гайхалтай хар үнэгний арьс, хэн хүний сэтгэлийг булаах хосгүй сайхан сорлог үстэй асар том шилүүсний хоёр арьс болон өнгө төгөлдөр хар булганы хоёр арьс байсан юм. Богд хааны элч нарыг дөнгөж явахтай зэрэгцэн манай хашааны бүх хүн, түүний дотор гэрийн эзний гэр бүлийнхэн, түүгээр ч зогсохгүй ойр дотны олон монгол хөрш маань цөмөөрөө Богд эзнээс нь хүртээсэн бэлгийг харахаар яаран орж ирцгээсэн юм. Бүгд л бэлгийг маань гайхан бишрэхийн сацуу хүндэтгэлтэй басхүү болгоомжтой хандаж байв.
Тэд эдгээр арьсны зах зээлийн үнэ ханшны талаар нэлээд үг булаалдсан авч хэн нь ч бодит үнийг нь тааж чадаагүй юм. Хожим би булганы арьсаа одоо хэр нь хүзүүний ороолт хийн зүүж байгаа нэгэн хатагтайд бэлэглэсэн бөгөөд тэрээр энэ арьс элэгдэх нь үгүй хэмээн хэлж билээ. Үлдсэн арьсыг бүхэлд нь монголчуудын хэлсэн хамгийн өндөр үнэлгээнээс хавьгүй дээгүүр үнээр зарсан юм. Би дотроо Богд хаан надад ийм бэлэг илгээснээс хойш намайг эх оронд нь үлдэхэд татгалзах зүйлгүй байх хэмээн бодож билээ.
Өргөөд Цагаан сарын өглөө хамаг сайхнаараа гоёж гангалсан монголчуудыг харахын тулд баруун хотын алтан ганжууртай хийдийн ойр тойронд очих хэрэгтэй болно. Хийдийн орчимд тоймгүй олон лам нар бултаараа цоо шинэ эвсэл шинэ шахуу сайхан дээл, малгай, гуталтай алхалж явна. Тод янзтай улаан, шар өнгө нэлэнхийдээ тунаран мэлмэрч, завсрын өнгө үзэгдэх нь үгүй. Хаа сайгүй нэлийх тод улаан, шар өнгийн дүр зургийг мартах аргагүй билээ. Ингээд өглөөтэй золгоход энгийн олны хөл нэмэгдэж, лам нартай харьцуулахад илүү чамин хээнцэр бүр үл ялиг хэтрүүдүү ч гэмээр хувцаслах бөгөөд наад зах нь эрэгтэй, эмэгтэй хэн хэнийх нь дээл хувцас өнгөний хувьд олон янзаар алаглах ажээ.
Лам нарын доод хот дахь алтай оройтой хийдээс урагш голын хөндий дэх Богд хааны ордон хүртэлх замыг тэмдэглэн хаан ширээнд залах ёслолын нэгэн адил Амьд бурханыг морилох үеэр цэргүүд үргэлж хоёр эгнээ болон жагсана. Өглөө арван цагийн үед Богд хаан, хатан хоёр хаан ширээнд залах ёслолын адилаар сүйх тэрэг болон дагалдах хүмүүсийн хамтаар эдгээр жагссан цэргүүдийн дундуур морилон өнгөрөх ажээ. Тэр бүртээ мөнөөх хоёр шар сүйх тэргээр залрах бөгөөд тэргийг хэдэн морьтой лам нар залж, цэргүүд цувааг өнгөртөл өвдөг сөгдөн сууна. Богд хаан дуганд хүрээд хэдэн цаг болох зуур хол ойрын ноёд түшмэд түүнд орж бараалхана. Гадаа нь янз бүрийн ангийн олон тооны монголчууд хүйтэнд тэвчээртэй хүлээж, эцэст нь Богд хаан ирсэн ёс жаягийн дагуу ордны зүг морилох үед хийд болон замын ойролцоох зон олон өвдөг сөгдөцгөөнө.
Өдөр нь хээнцэр ганган хувцасласан хүмүүс айлаас айлд орж, сүйх тэрэг, мориор зүг бүртээ явцгааж харагдана. Орой хэрд элдэв зүйлийн ундаагаар дайлуулж, багавтархан халамцсан эсвэл улаан зээрд болсон харчуул цөөнгүй болох бөгөөд үе үе морьтой ер бусын урлагийн үзүүлбэр нүднээ тусна….
Ийнхүү 1911 он, мөн Монголын хувьсгалын эхний үе шат өндөрлөв. Монгол улс ямар ч байсан Хятадын засаг захиргааг халж, эзэн хаанаа хэлэлцэж тогтож, Хятадыг энэ хэр тоглоомоос гаргав. Энэ хүртэл миний бичсэн бүхэн бидний Өргөөд нүдээрээ харж, чихээрээ сонссон зүйл мөн билээ хэмээн Норвегийн аялагч Оскар Мамен бичсэн нь үнэхээр сонирхол татах ажээ.
Цагийн эхэн хаврын тэргүүн сар гарч, Монгол нутагт хавар ирлээ. Монголын Цагаан сар болж байна. Монголоороо байх буй за. Сайныг бодож, сайхныг өгүүлэх Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол Улсын төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан