УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Киргиз, Унгар Улсад айлчилна

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчлахаар болжээ. Мөн дараа нь буюу ирэх сард Унгар Улсад  айлчлахаар болсон байна.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр тэрбээр Монголд ЭСЯ-аа нээж, наадам үзээд буцсан байдаг. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилсан юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд манай хоёр улс харилцан ашигтай айлчлалуудыг хийсэн. Харин энэ удаа УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлах гэж байна. Г.Занданшатарын хувьд хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлыг айлчлалаараа шийдэх болов уу гэсэн хүлээлт байна. Учир нь Бүгд Найрамдах Киргиз Улс нь Монгол Улсын парламентын ардчилалаас суралцах хүсэлтэйгээ албан болон албан бусаар үргэлж илэрхийлсээр ирсэн.

Манай хоёр улс 1992 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосноор эхэл байсан. Бишкек дэх Монгол Улсын Ерөнхий консулын газар 2014 оны 6 дугаар сарын 1-нд нээгдсэн. Монгол улсын Их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2-р сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол улсаас Бүгд найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшнийг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм. Үүний дагуу Монгол улсын ГХЯ-аас Элчин сайдын яамаа нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьсны дагуу Элчин сайдын яамаа 2019 оны 6-р сард Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад хийсэн айлчлалын үеэр албан ёсоор нээсэн байна.

Хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд харилцан визгүй зорчдог. Монгол улс Киргиз Улстай түүх, соёлын эртний гүн бат хэлхээ холбоотой. Монгол, Киргиз нь нүүдлийн соёл иргэншилтэй учир нүүдлийн мал аж ахуй, гэр ахуй, хувцас хэрэглэл, хоол хүнс гэх мэт аж ахуй, хэл, ёс заншлын адил төстэй олон нийтлэг зүйлтэй.

Сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн улс төрийн яриа хэлэлцээр идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа 26 Гэрээ, хэлэлцээр байдаг. Улс төрийн хувьд ямар нэгэн маргаан, зөрчилтэй асуудал байхгүй бөгөөд Төв Азийн бүс нутаг дахь Монгол улсын чухал түнш орны нэг нь Киргиз гэж үздэг. 2018 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 705 мянган ам.доллар хүрсэн. Монголоос хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл бүтээгдэхүүн, Киргиз Улсаас жимс, үрийн будаа, гар хивс зэргийг нийлүүлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *