ЗТХЯ: Нэгдүгээр сард улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 11.5 сая зорчигч тээвэрлэжээ

Нэгдүгээр сард улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 11.5 сая зорчигч тээвэрлэснийг Зам, тээврийн хөгжлийн яам мэдээллээ. Агаарын тээврээр олон улсад 124.5 мянган зорчигч тээвэрлэсэн бол орон нутагт 33.5  мянган зорчигч тээвэрлэсэн байна. Агаарын тээврээр олон улсад зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсжээ. Оны эхний сард агаарын тээврээр олон улсад зорчсон зорчигчдын хамгийн өндөр буюу 29 хувийг Сөүл чиглэлд ниссэн бол Бээжин чиглэлд 15 хувь, Фукуок чиглэлд 8.3 хувь, Станбул чиглэлд долоон хувь, Токио чиглэлд 6.3 хувь, Хонгконг чиглэлд 6.1 хувь, бусад чиглэлд 27.7 хувь нь зорчсон байна. Олон улсад зорчсон зорчигчдын хамгийн өндөр буюу 50.7 хувь нь үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр нисжээ. Харин БНХАУ-ын агаарын тээврийн “Air China” компанийн нислэгээр 9.5 хувь, БНСУ-ын “Korean Air”-ийн нислэгээр 8.8 хувь, “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгээр 7.3 хувь, “Аэро Монголиа” ХХК-ийн нислэгээр 6.8 хувь, “Изинис Эйрвейз” ХХК-ийн нислэгээр 5.3 хувь, бусад агаарын тээвэрлэгчийн нислэгээр 11.6 хувь нь зорчсон байна. Зам, тээврийн хөгжлийн яам 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлээд байгаа юм. Үүнээс агаарын тээврээр 2.2 сая зорчигч, авто тээврээр 144 сая зорчигч тээвэрлэхийг зорьж байна. 2023 онд улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 146.4 сая зорчигч тээвэрлэснээс 142.5 сая зорчигч авто тээврээр, хоёр сая зорчигч төмөр замаар, 1.7 сая зорчигч агаарын тээврээр зорчжээ. Харин усан замаар 64.7 мянган зоригч тээвэрлэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *