Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх уулзалтаа Ерөнхий сайд Толгойтоос эхэллээ

Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж,  Ерөнхий сайд цуврал уулзалтуудаа өнөөдөр эхлүүллээ. Анхны уулзалтаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар “Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдвээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийж, санал бодлыг нь сонслоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид есөн дүүргийн гэр хороололд ажиллаж, утаа, нийтийн тээврийн хүрэлцээ, авто зам, хогны тээвэр, гэмт хэргийн гаралт, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцжуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэрэг нийслэлчүүдэд тулгамддаг асуудал бүрийг шийдэх зорилготой нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөлтийг Засгийн газар боловсруулна. Ингэснээр төрийн үйлчилгээг хүндээ ойртуулах байдлаар буюу заавал хотын төв рүү орохгүйгээр 15-20 минутад хүссэн үйлчилгээгээ авдаг болгох, тухайн бүсийг цогцоор нь хөгжүүлэх төлөвлөлтөд иргэдийн саналд тулгуурласан бодит шийдлийг тусгах нь уулзалтын гол зорилго юм.

Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар Толгойт бүстэй холбоотой тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаарх бодит байдлыг танилцууллаа.

Улаанбаатар хот өнөөдөр 1,7 сая хүн амтай, 437 мянган өрхтэй, 204 хороотой. Үүний тал хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээгүй, агаар, хөрс, усны бохирдолтой нөхцөлд амьдардаг. Сонгинохайрхан дүүрэг Таван шар, Толгойт, Баянхошуу, Өнөр гэсэн дөрвөн томоохон бүсэд 43 хороогоор дамжуулж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа.

Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын ужгирсан бүх асуудал төлөвлөлтийн алдаатай шууд холбоотой. Нийслэлийн даац хэтэрсэн учраас өнөөдрийн бүх хүндрэл бий болсон. Үүнийг засахын тулд Засгийн газар онцгой анхаарна гэдгийг Ерөнхий сайд онцлов. Нийслэлийн хүн амын хэт төвлөрөл өнгөрсөн 30 жилд бодлогогүй явж ирсний балгаар хяналтаас гарсан. Агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ, хогны тээвэр, хороо, хэсэгт ажиллах хүний нөөцийн дутагдал зэрэг хүндрэл, бэрхшээл бүрийг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөлтийг хийж буйгаа Ерөнхий сайд танилцууллаа.

Толгойт бүсийн тухайд гэр хороолол ихтэй, тэр хэрээр хороо бүрд хүндрэл байдгийг уулзалтад оролцогчид жишээ баримтаар илэрхийлж, цөөнгүй асуудалд Засгийн газар зайлшгүй оролцох шаардлагатайг хэлж байв. Тиймээс энэ бүхнийг шийдэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн дөрвөн том бүсийг эрх зүйн хувьд ч, төсөв санхүү, эрх мэдэл, хариуцлагын хувьд ч бие даалгаж хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар дэмжихээ илэрхийлж байлаа.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогод тусгагдсан “Улаанбаатар хот–Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүд тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн үзэл санааг тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрийн онцлог, хүн ам, эдийн засгийн нөөц, чадавхад тулгуурлан оновчтой тодорхойлж, саналуудаа нэгтгэж ойрын хугацаанд эргэж танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нарт даалгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *