Марк Закербэрг ойрын үед тархиндаа чип суулгуулахгүй гэв

Дэлхийн хамгийн том сошиал платформыг эзэмшигч Мета компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Закербэрг ойрын үед тархиндаа чип суулгуулах төлөвлөгөөгүй байгаа тухай ярьжээ. Тэрбээр Баасан гарагт “Morning Brew Daily” подкаст ярилцлагад оролцохдоо энэ тухай ярьсан байна. “Бидний анхаарлын төв байгаа хамгийн чухал нэг хөгжүүлэлт бол мэдрэлийн интерфэйс юм. Гэхдээ энэ нь тархинд суулгадаг чип биш. Хэн нэгэн ирээдүйд үүнийг хийх байх. Би лав үүний нэгдүгээр хувилбарыг суулгуулахыг хүсэхгүй” гэж Марк ярьжээ.

Эндээс харвал тэр Илон Маскийн туршиж буй тархины чипийн ирээдүйд одоогоор итгэлгүй байгаа бололтой. “Миний бодлоор ийм чипийг сайжрахыг хүлээх хэрэгтэй байх. Жил бүр шинэчлэх шаардлага гардаггүй (upgrade) болтол нь хүлээх хэрэгтэй” гэж тэр цааш нь ярьжээ. Ингэхдээ Марк аль нэг компанийн нэрийг дурдаагүй ч Илон Маскийн Neuralink компанийг хэлж байгаа нь тодорхой байв.

Neuralink компани анх удаа хүний тархинд туршилтын чип суулгасныг Маск өнгөрсөн сард зарласан. Уг чип нь тархи мэдрэлийн янз бүрийн өвчин эмгэгтэй хүмүүст бодол санаагаараа компьютер, гар утас болон бусад бүх төхөөрөмжийг удирдах боломж олгох зорилготойг Маск тайлбарласан байдаг.

Харин Мета компани энэ чиглэлд хиймэл оюуны технологид үндэслэсэн бугуйвч туршиж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл гар хуруугаа яаж хөдөлгөх талаар бодох төдийд компьютерыг удирдана гэсэн үг. “Ирээдүйд хүн гар хуруугаа хэрхэн хөдөлгөх талаар бодоход л ямар нэг төхөөрөмж дээр текст бичигдэж, удирдах боломжтой болно” гэж Марк Закербэрг төслийнхөө талаар тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *