Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийгээд байна” хэмээв.

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төсөлд 2024 онд хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай дараах төсөл арга хэмжээг тусгаад байна.

  • Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийх.
  • Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу болон Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуун хийцлэлтэй болгох. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах.
  • Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай зэрэгцэн тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх.
  • Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, 2024 онд тус санд төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг батлах.
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд нийслэл дүүргийн ЗДТГ, түүний харьяа агентлагуудын чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, ажлын уялдааг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах гэсэн чиглэлээр төсөвт тодотгол хийж байгаа юм.

Газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлснээр нийслэлд төвлөрүүлэх орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалалтын зардлыг 27.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцов.

НИТХ-ын төлөөлөгчид сургууль, цэцэрлэг, газар чөлөөлөлтийн талаар тодруулсан бөгөөд нийслэлийн удирдлагуудын зүгээс хүн амын нягтаршил ихтэй, томоохон хотхон, хорооллуудад улсын сургууль, цэцэрлэг барихаар хувийн хэвшлүүдтэй зөвшилцаж байгааг онцолсон юм. Ийнхүү төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр хийхээр тогтлоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *