Навальныйн цогцсыг ээжид нь хүлээлгэн өгчээ

Алексей Навальныйн цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өгөлгүй ес хоносны эцэст өнгөрсөн Бямба гаригт ээжид нь өгчээ. ОХУ-ын эрх баригчид Навальныйн оршуулгыг сүр дуулиантай хийхгүй гэсэн амлалтыг авч байж ээжид нь цогцсыг хүлээлгэж өгөх шаардлага тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Цогцос нэгэнт ялзраад эхэлсэн тул шаардлагыг хүлээж авсан нь дээр гэж ээжийг нь ятгасан байна. Энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол алслагдсан шоронд түүнийг оршуулна гэж сүрдүүлжээ.

Нас барсны гэрчилгээн дээр нь үхлийн шалтгааныг “байгалийн жамаар” гэж бичсэн байсныг Навальныйн багийнхан мэдэгдлээ. Мөн цогцсыг хүлээж авлаа гээд тайвширч болохгүй гэдгийг Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш хэлэв. Навальныйн эхнэр Юлия Навалнаяа улс төрийн өрсөлдөгчийнхөө цогцсыг тарчлаасан, барьцаалсан гэж Путиныг буруутгажээ.

Түүнчлэн “Их-7” бүлгийн удирдагчид Навальныйн үхэлтэй холбоотойгоор мэдэгдэл хийхдээ шударга бусаар баривчлагдсан бүх хоригдлыг суллахыг ОХУ-аас шаардсан байна. “Бид Навальныйн үхэлд буруутай хүмүүст хариуцлага тооцох болно. Тэр дундаа ОХУ-д хүний эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан хязгаарлах арга хэмжээг үргэлжлүүлэн авна” гэж тэд мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *