Японд төрөлт улам багассаар байна

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамнаас хоёрдугаар сарын 27-ны өдөр нийтэлсэн хүн амын статистик тоо баримтаас үзвэл, Японд 2023 онд 758 мянга 631 хүүхэд төрсөн нь өмнөх 2022 оноос 5.1 хувиар буурч, түүхэн доод түвшинд хүрчээ. Японд шинээр төрөх хүүхдийн тоо найман жил дараалан буурч байгааг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Энэ удаад гаргасан тоо баримтад Японд төрсөн гадаадын нярайн тоо мөн багтсан байна. Түүнчлэн 2023 онд Японд нас барсан хүний тоо 1 сая 590 мянга 503 байжээ. Шинээр төрсөн хүүхдийн тоог хасвал 2023 онд Японы хүн ам 831 мянга 872-оор багасаж, хүн амын тоо хамгийн ихээр буурсан байна.
Тус яамны мэдээгээр, 2023 онд Японд 489 мянга 281 хос гэрлэсэн нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа 500 мянгаас бага байжээ.
Сүүлийн жилүүдэд Японы хүн амын төрөлт огцом буурч байна. Жилд төрж байгаа хүүхдийн тооны бууралт 12 жилийн дараа очих ёстой гэж төсөөлж байсан засгийн газрын таамаглалд хүрч бодит зүйл болсон байна. Японы засгийн газар хүн амын хурдацтай бууралтаас сэргийлж, төрөлтийг дэмжихийн тулд олон арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Конгрессын чуулганаар Японы засгийн газар хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг хуулийн төслүүд өргөн барьж, батлуулсан нь төрөлтийг дэмжих арга хэмжээнүүдийн нэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *