“Амгалан дулааны станц” ТӨХК-д өнөөдөр /2024.02.28/ гэмтэл гарч, зарим хэсэгт хэрэглээний халуун ус тасарсан байна. Энэ талаар тус станцын удирдлагаас тодруулахад “Дулааны станцад гарсан гэмтлийг засаад дуусч байна. Удахгүй хэвийн ажиллаж эхэлнэ. Гэмтлийн улмаас зарим хэсэгт хэрэглээний халуун усыг тасалсан. Харин айл өрхийн дулаан таслаагүй” гэв. Амгалан дулааны станц нь хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд буюу 50 мянган айлын орон сууцыг дулаанаар хангадаг. Тухайн бүсийн 13, 14, 15, 16 дугаар хорооллын халуун усыг түр хугацаагаар хаагаад байна.
Баянзүрх дүүрэгт орших “Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар буюу нэг зуухаар өргөтгөж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард ашиглалтад орох юм. Станцын хүчин чадлыг өргөтгөснөөр цагт 116МВт дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангана гэдгийг салбарынхан мэдээлсэн.