Дэлхийн хамгийн баян эрхэм гэгддэг Илон Маск өчигдөр хиймэл оюуны технологийн OpenAI компани болон түүний гүйцэтгэх захирал Сэм Олтмэнийг шүүхэд өгчээ. Шалтгаанаа энэ компанийг хүн төрөлхтний тусын тулд үйлчлэх үндсэн үүргээ умартаж, ашгийг нэгдүгээрт тавьсан гэж тайлбарласан байна. 52 настай Маск анх OpenAI компанийг үүсгэн байгуулахад оролцож байсан ч одоо ямар нэг хувь эзэмшилгүй юм.
Тэрбээр Сан-Франциско хотын шүүхэд гаргасан гомдолдоо OpenAI компанийг Майкрософт корпорацтай нягт хамтран ажилласнаар технологио нээлттэй хөгжүүлэх анхны зорилгоосоо хазайсан гэж буруутгажээ. Илон Маск нь хиймэл оюуны технологийн хүн төрөлхтөнд учруулж болох аюул эрсдэлийн талаар хамгийн их ярьдаг хүмүүсийн нэг юм. OpenAI компани нэг жил гаруйн өмнө “generative AI” төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаснаар энэ салбарын өрсөлдөөн ширүүсээд байгаа.
Маск 2015 онд OpenAI компанийг байгуулалцаж байсан ч хоёр жилийн дараа уг технологиос хэрхэн ашиг олох философийн асуудлаар бусад хөрөнгө оруулагчидтай зөрчилдсөн тул гарч байжээ. Одоо тэр OpenAI компанитай ижил технологи хөгжүүлдэг xAI компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байгаа. Өнгөрсөн онд OpenAI компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирал Сэм Олтмэнийг албан тушаалаас нь чөлөөлсөн ч удалгүй томоохон хөрөнгө оруулагч Майкрософт корпорацын дэмжлэгтэйгээр буцаж томилогдсон юм.
“Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнөх бүрэлдэхүүнд хиймэл оюуны технологийн болон засаглалын талаар өргөн мэдлэгтэй хүмүүс байсан бол Олтмэн ямар нэг үндэслэлгүйгээр ийм туршлага мэдлэггүй хүмүүсээр шинэ зөвлөлийг бүрдүүлсэн. ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүн нь илүүтэй ашигт төвлөрсөн аж ахуйн нэгж болон улс төрийн туршлагатай гишүүдээс бүрджээ. Тэд бас Олтмэний өөрийнх нь том шүтэн бишрэгчид гэсэн мэдээлэл байна” гэж шүүхийн гомдолд өгүүлжээ. Майкрософт корпорац OpenAI компанид их хэмжээний хөрөнгө оруулснаар технологийн давуу талыг нь өөрийн үндсэн бүтээгдэхүүнүүдэд ашиглах болсон. Үүний ачаар тус корпорацын хувьцааны ханш өнгөрсөн онд 68 хувиар өсөж, дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болж байсан юм.