Өчигдөр буюу Даваа гарагт Франц улс хүний үр хөндүүлэх эрхийг үндсэн хуульдаа тусгасан дэлхийн анхны улс болжээ. Тус улсын парламентын хоёр танхимын нэгдсэн чуулганаар уг асуудлыг 780:72 харьцаатай саналаар дэмжсэн байна. Парис хотын төвд байрлуулсан том дэлгэц дээр санал хураалтын үр дүнг танилцуулахад тэнд цугларсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид баяр хөөртэй хүлээж авчээ.
Үр хөндүүлэх эрхийг хуульчлахыг Францын ард иргэдийн 80 орчим хувь дэмждэг нь АНУ болон бусад Өрнөдийн орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. “Таны бие бол таны өмч, хэн ч таны өмнөөс шийдвэр гаргахгүй гэсэн чухал мессэжийг бид бүх эмэгтэйчүүдэд өгч байгаа юм” гэж санал хураалтын өмнө Францын ерөнхий сайд Габриэл Аттал хууль тогтоогчдод хандан хэлжээ.
Францын эмэгтэйчүүд 1974 онд анх үр хөндүүлэх хууль ёсны эрхтэй болж байв. Гэвч 2022 онд АНУ-ын дээд шүүх энэ эрхийг баталгаажуулсан доод шатны шүүхийн “Roe v Wade” гэгддэг шийдвэрийг буцааснаар францчуудад эрхээ улам баталгаатай болгох шаардлага тулгарсан юм. Францын гол сөрөг хүчин болох хэт барууны нам үр хөндүүлэх эрхийг дэмждэг ч үндсэн хуульд тусгах шаардлагагүй гэж үзэж байв.
Тухайлбал санал хураалтын өмнө сөрөг хүчний тэргүүн Марин Ле Пэн “Бидэнд энэ асуудлыг дэмжихэд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ үр хөндүүлэх эрхийг хориглох эрсдэл Францын нийгэмд байхгүй тул үүнийг түүхэн алхам гэж хэт дэвэргэх хэрэггүй” гээд уг шийдвэрийг улс төрийн ашиг хонжоо болгож буй ерөнхийлөгч Эммануэл Макроныг шүүмжилжээ.