Лхагва гарагийн шөнө дэлхийн хамгийн том сошиал платформ Фэйсбүүкийн ажиллагаа техникийн гэмтлийн улмаас доголдож, олон сая хэрэглэгч нь нэвтрэх боломжгүй болсон юм. Мета компани гэмтэл саатлын нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэхдээ Х платформыг ашигласан нь тэрбумтан Илон Маскийн хувьд өрсөлдөгчөөрөө тохуурхах сайхан боломж болжээ. Маск өөрийн эзэмшлийн Х платформ нь хэвийн ажиллаж байгааг гайхуулахдаа “Хэрвээ та нар энэ постыг уншиж байгаа бол манай серверүүд хэвийн ажиллаж байна гэсэн үг шүү” хэмээн бичсэн юм.
Тэр дараа нь бас Мета компани болон тэдний платформыг элэглэж, шоолсон агуулгатай зүйлсийг үргэлжлүүлэн бичжээ. X компанийн албан ёсны хуудас хүртэл “Та нар яагаад бүгдээрээ энд байгааг бид мэдэж байна” гэж өрсөлдөгчөө шоолсон юм. Сүүлд Мета компани Фэйсбүүк, Инстаграмд гарсан гэмтлээ засварлаж, үйл ажиллагааг нь бүрэн сэргээснээ мэдэгдэж байв.
Технологийн салбарын тэрбумтнууд болох Илон Маск, Марк Закербэрг нар таарамжгүй харилцаатай байдаг. Өнгөрсөн онд X платформтой шууд өрсөлдөх зорилгоор Закербэрг өөрийн Threads үйлчилгээг нээснээр тэдний зөрчил улам хурцдаж байв. Тэр ч байтугай хоёр тэрбумтан холимог тулааны дэвжээн дээр нударга зөрүүлэх санаа хэсэг хугацаанд яригдаж байгаад намжсан юм.