2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр иргэн “О”-ийн нэр бүхий харилцах банкны дугаар тоот дансыг “Сошиал Пайя” аппликэйшнтэй холбож хууль бусаар нэвтрэн, шинээр данс үүсгэн өөрчилж, бусдын данснаас 14 сая төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэрэг гарчээ.
Энэ үйлдэлд нэр бүхий арилжааны банкны ажилтан “А”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээллээ.
Эрүүгийн хууль
17.1 дүгээр зүйл. Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
26.1 дүгээр зүйл. Кибер орчинд хууль бусаар халдах
2.Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.