Улсын Онцгой Комисс (УОК)-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гарсан ослын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг Барилга, Хот Байгуулалтын Яамнаас танилцууллаа.
Ажлын хэсгээс дээрх ослын улмаас галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах, хүчитгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж, хохирлыг буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус хэргийг цаашид нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэх, Засгийн газраас шийдвэрлэсэн таван тэрбум төгрөгөөс зарцуулагдаагүй үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэхийг УОК-оос үүрэг болгожээ.
Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамд хамтран ажиллах даалгаврыг өгснийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.