Украины тусламжын багц: АНУ-ын цэргийн зэвсгийг нөхөж, цэргийн үйл ажиллагаанд зарцуулагдана

АНУ-ын сенаторууд мягмар гарагт болсон процедурын санал хураалтын хүрээнд Украин, Израиль болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнуудад нэмэлт санхүүгийн тусламж олгох тухай хуулийн төслийг дэмжлээ. Хуулийн төсөл дор хаяж 60 санал авах ёстой байсан бол 80 сенатор дэмжиж, 19 сенатор үүнийг эсэргүүцжээ.

Украинд үзүүлэх тусламжийн тухай хуулийн төсөлд Киевт ойролцоогоор 61 тэрбум ам.доллар олгохоор тусгасан бөгөөд санал болгож буй бүх мөнгө зэвсэг шилжүүлэхэд зориулагдахгүй. 20 гаруй тэрбум долларыг АНУ-ын цэргийн зэвсгийг нөхөхөд зарцуулна. Мөн мөнгөний өөр нэг хэсгийг Украины ойролцоох Америкийн цэргийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Үүнээс ойролцоогоор 14 тэрбум долларыг Украин зэвсэг худалдан авахад зарцуулах юм.

Израилийн тухайд сенаторууд 26,4 тэрбум ам.долларын нэмэлт цэргийн тусламж олгох саналыг дэмжсэн бөгөөд хуваарилсан хөрөнгийн 9,1 тэрбум доллар нь хүмүүнлэгийн хэрэгцээнд зориулагдах бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын холбоотнуудад тусламж үзүүлэх гэнэ. Тодруулбал, 8.1 тэрбум долларыг “Хятадтай тэмцэхэд”, хоёр тэрбумыг Тайвань болон бусад холбоотныг санхүүжүүлэх аж.

Түүнчлэн уг багцад ОХУ, Хятад, Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авах, тэр дундаа хураагдсан Оросын хөрөнгийг Киевт шилжүүлэх, Хятадын хувийн ByteDance компанийн эзэмшдэг TikTok нийгмийн сүлжээг хаах зэрэг хуулийн төсөл багтсан байна. Эдгээр бүх хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим баталсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *