Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хотын дарга Х.Нямбаатар хотын статустай холбоотой дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр “1993 оноос өмнө 18 аймгийн төвийг хотын зохион байгуулалттайгаар төлөвлөн хөгжүүлж ирсэн. Мөн үйлдвэр дагасан хот суурин газруудыг хот тосгоны зохион байгуулалттайгаар хөгжүүлж ирсэн.
Харамсалтай нь 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэн 30 гаруй жилийн хугацаанд хот тосгодод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг шилжүүлж өгч чадаагүйн улмаас хот тосгод бие даан хөгжих эрх зүйн боломжууд нь хязгаарлагдаж байлаа.
Дээрх боломжийг 2019 онд нээсэн. Үүнтэй зэрэгцээд өмнө нь улсын зэрэглэлтэй хотын статустай хөгжиж байсан Эрдэнэт, Дарханыг хот болгон зохион байгуулахыг Үндсэн хуулиар Засгийн газарт үүрэг болгосон.
Аймгийн төвүүд болон улсын зэрэглэлтэй дөрвөн хотыг “Хот” гэж нэрлээд бүх суурин газруудыг орон нутгийн зэрэглэлтэй “Хот, тосгон” гэж нэрлээд дэд бүтцийн хөгжил болон хот, нийтийн аж ахуйн асуудал нэг дор шийдэгдэхгүй, хотын эдийн засгийн асуудлыг давхар хөндөж, тавьсан.
Тухайлбал шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж байгаа” гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Дээрх хуулийн төслийн үндсэн агуулга бол шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн 31.5 мянган га газар нутаг дээр Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг суманд шинэ хот байгуулах явдал.
Энэ хот нь корпорацын зарчмаар цааш оршин тогтнох, олсон татварын орлогынхоо 20 хувийг аймаг, орон нутагт өгөх, үлдсэн 80 хувиар хот өөрөө хөгжих боломжийг гаргаж ирж байгаа юм.
Цаашлаад татварын хувьд НӨАТ-ын тодорхой хувийг эсхүл ААН-ийн орлогын албан татварын 60 хүртэл хувийг хот, суурин газруудад төвлөрүүлж авдаг эрх зүйн үндсийг бүрдүүлснээр хотууд хот суурины зохион байгуулалтаар хөгжих, хүний амьдрах, оршин суух, зорчих орчин аятай таатай болох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хуулийн төсөл боловсруулсан.
Монгол Улсын бүх боомт хотын хүн амын тоо, цаашид хөгжих төлөвлөлтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хот тосгоны зохион байгуулалтаар хөгжүүлэхээр “Хот тосгон” байгуулах тогтоолын төслийг хамтад нь оруулж байгаа.
Эрдэнэт, Дархан, Багануур, Багахангай бол улсын зэрэглэлтэй хот. Үүнээс гадна цаашид
- 100 мянгаас дээш хүн амтай тохиолдолд улсын зэрэглэлтэй хот
- 30 мянгаас дээш хүн амтай газруудыг орон нутгийн зэрэглэлтэй хот байхаар хуулийн төсөлд оруулж ирж байгаа.
Жишээ нь Хархориныг улсын зэрэглэлтэй хот гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хүн амын тоондоо хүрээгүй ч төлөвлөлт нь улсын зэрэглэлтэй хэмээн үзэж байна” гэлээ.