Бан Ги Муны хэлснээр хэнийг ч ардаа орхих ёсгүй

“Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Монгол Улсын Их хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, БНСУ-ын “Бан Ги Мун сан” хамтран зохион байгуулсан энэ удаагийн чуулга уулзалт “Тогтвортой хөгжлийн зорилго 16 буюу Энх тайван, шударга ёс, бат бэх институт” сэдвээр хоёр өдөр болж өнгөрсөн юм.

НҮБ-ын улс орнууд өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлэхэд тэгш бус байдал, дотоодын болон дэлхий нийтийн ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол, эрүүл мэндийн салбарт байгаа бэрхшээлүүд асуудал болж байгааг энэ хуралд цугларсан эрдэмтэн судлаач, улс орнуудын хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс онцлон хэлж байлаа.

Дэлхийн улс орнуудын талаас илүүд нь сонгууль болж буй энэ жилийн хувьд Тогтвортой хөгжлийн зорилтын 16-д бичигдсэн энх тайван, шударга ёс, тогтвортой тогтолцоог ханган ажиллахын чухлыг тэд дурдаж байсан. Яг энэ цаг үед уг арга хэмжээг зохион байгуулж байгаа манай парламент жендэрийн мэдрэмжтэй байдлын өөрийн үнэлгээг анх удаа хийж, хүний эрхийн байдлын үнэлгээг анх удаа хийсэн Азийн улс болсон гэдэг нь онцлогдох нэгэн сэдэв байв.

Өнгөрсөн жилийн өдийд болсон анхны олон улсын чуулга уулзалтын дараахан баталсан Сонгуулийн тухай хуулиараа дэвшилтэт олон заалтыг оруулсан мэдээг талархан хүлээж авсан талаараа хуучны зочид онцлон хэлж байсныг дурдахгүй байхын аргагүй. Тухайлбал, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн “Өнгөрсөн онд бид Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар энд хуран чуулж байсан бөгөөд энэ талаар гарсан олон ахиц дэвшил байна. Энэ жил бид ахицаа үргэлжлүүлэн, агуулгаа өргөжүүлэн “Хэнийг ч ардаа орхихгүй” хамтдаа хөгжих талаар хэлэлцэхээр цуглалаа. Энэ цаг үед дэлхий даяар дайн дажингийн аюул нүүрлэж уур амьсгалын аюул дахин дахин давтагдаж байгаа үед глобал шийдлүүд шаардлагатай. Бидэнд одоо алдах цаг болон эрх байхгүй. Бид ирээдүй хойч үедээ ийм нийгмийг үлдээж болохгүй юм” гэсэн нь нэгийг бодогдуулна.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү “2023 оны Алтай Дамнасан Тогтвортой байдлын яриа хэлэлцээ залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн эрхийг чухалчилж Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилтын хүрээнд зохион байгуулагдсан. Тэрнээс хойш Монгол Улсын Парламент чухал даацтай өөрчлөлтийг хийсэнд нь баяр хүргэмээр байна. Сонгуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж,  Сонгуулийн хуулинд хүйсийн квотыг 30 хувь хэмээн заасан нь сайшаалтай. Энэ үйл явдал болон бусад өөрчлөлтүүд нь дэлхий хэмжээнд загвар болох жишиг тогтоосон билээ. Энэ жилийн сэдвийн хүрээнд ч энэ амжилтуудаа хадгалан тогтвортой институцийг бий болгох нь чухал” хэмэн онцлон хэлсэн юм.

Хурлын төлөөлөгчид хэсэгт хуваагдан тухайлан сэдвээр ярилцсан бөгөөд олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон хуралдааныг НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матильда Димовска удирдан явуулсан.

Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилт буюу  энх тайван, шударга ёс, тогтвортой тогтолцоог бий болгоход олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо юу байх талаар тэд нэлээд ярилцахад аливаад шийдвэр гаргагчдын манлайлал нэлээд чухал байдаг талаар санал нэгдэж, төлөөллийг хангах нь чухал талаар дурдаж байлаа.

Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар тунхагийн шинжтэй биш бодит ажил хэрэг болгох хэрэгтэйг онцолж үүний тулд системээр нь харж, бүтцийн

асуудлуудыг шийдвэрлэж байж шийдэл гарна хэмээж байв. БНСУ-ын Йонсей их сургуулийн профессор Тэ Ён Жун “Монгол бол байгалийн баялаг ихтэй орны нэг. Гэхдээ хүний нөөц маш хязгаарлагдмал улс. Харин Солонгос эсрэгээрээ байгалийн баялаггүй ч хөгжлийн гол хүчин зүйл нь хүний нөөц. Цөөхөн хүн амтай орны хувьд хүн бүрийн чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн шийдвэр гаргах түвшний манлайлал маш чухал бөгөөд ирэх жилүүдэд жендэрийн тэгш байдлыг хангахад чухалчлан ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн манайд дутагдаж байгаа асуудлыг гаргаж тавьсан нь анхаарал татаж байв. Оюу толгой компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон анхны эмэгтэй захирал Дэйрдрэ Лингенфэлдэр “Бизнес амжилттай, цэцэглэн хөгжихийн тулд бид бүгдийн оролцоо эн тэнцүү хэрэгтэй. Монгол улсын жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд ахиц дэвшил гарч байгаад сэтгэл хангалуун байна” хэмээгээдтус компанид том том машинуудыг эмэгтэйчүүд жолоодож байгаа, тэд маш хариуцлагатай ажилтнууд байдгийг дурдаж байв.

Ер нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа хэсгүүдэд үр ашиг нэмэгдэж байдаг талаар захирлууд онцолж байдаг. Тийм ч учраас уул уурхайн компани атлаа тус компани ойрын жилүүдэд ажиллагсдын хүйсийн харьцаагаа 50:50 болгох талаар мэдэгдсэн байж ч болох юм.

Тус хэсгийн үндсэн илтгэгч БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарт хүйсийн тэнцвэртэй байдал алдагдсныг онцолж, 90 хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Оюутнуудын 70 хувь нь эмэгтэй, цаашид эмэгтэйчүүд улс орны хөгжилд голлох үүрэгтэй оролцох хандлагатай байгааг хэлж байв.

Ер нь боловсролын салбарт нэг хүйс давамгайлсан байгаа шиг шийдвэр гаргах түвшинд эсрэгээр эрчүүд хэт давамгайлсан энэ байдлыг өөрчлөхөд улс төрийн намуудын манлайлал чухал билээ. Төлөөлөл хаана алдагдаж байна, тэнд бодлого алдагдах гээд байдаг учраас шийдвэр гаргах түвшинд төлөөлөл хангагдаж, хүйсийн байдал тэнцвэржээд ирэхээр бусад салбарууд ч өөрчлөгдөөд ирэх боломж бий. Нийгмийн бүхий л бүлгүүд хамтдаа хөгжиж, хэнийг ч орхихгүй хамтдаа урагшлах нь чухал гэдэг санааг бүхий л оролцогч нар хэлж байлаа. Бан Ги Муны хэлснээр хэнийг ч ардаа орхих ёсгүй гэдгийг бүхий л оролцогч нар тодотгож байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *