Монгол Улсын Засгийн газар өнөөдөр Үндэсний баялгийн санг хэрэгжүүлэх тухай тогтоол баталжээ. Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ доорх байр суурийг илэрхийлсэн байна.
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
“Эрдэнэ” үйлдвэрийн 49 хувь нийтийн эзэмшлийнх болж, хэдхэн хүний гарт орох гэж байсан булхай, далд схем илчлэгдэж “Эрдэнэт” үйлдвэрийн үр өгөөж мэдэгдэхүйц нэмэгдсэн. Улсын төсөвт 900 орчим төгрөг төвлөрүүлдэг байсан бол өнөөдөр 2 их наяд орчим төгрөгийг улсад төвлөрүүлж байна. Үүнийг дагаад “Ачит-Ихт”, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Монголросцветмет, Бор-Өндөр гээд алдагдсан олон баялаг олон нийтийн өмч болсон.
Мөн Оюу-Толгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, үүний үр дүнд далд уурхай гацаанаас гарсан. Ингэснээрээ өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт”-ийн 34 хувь иргэдийн Хуримтлалын санд орж ирэхээр болж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллаж эхэлсэн. 1072 хувьцаа хоосон юм биш, ашигтай ажиллаж байгаа учраас хоёр ч удаа хуулийн дагуу ногдол ашгаа хуваарилсан. Цаашдаа ч бас хуваарилна. Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувь ч мөн хуулийн дагуу иргэдийн нэр бүхий хуримтлалын дансанд төвлөрнө гэсэн үг.
Энэ бол бэлнээр авах хуримтлал биш. Улсын төсөвтэй уялдаад 2025 оны улсын төсвөөс эхэлж, иргэдийн данс, И-Монголиа систем дээр тулгуурлан иргэд хяналтаа тавих, мөн өөрийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулах эрх нээгдэнэ. Гэхдээ энэ жилийн хувьд “Эрдэнэс Монгол” компанийн харьяа компаниуд нийлж 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх ийм боломжийг өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор баталгаажиж байгаа.
Ингээд стратегийн ордуудын 34 хувь Хуримтлалын санд төвлөрснөөр Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжинд 1.2 их наяд төгрөгөөр 10 мянган айл ипотекийн зээлд шууд хамрагдах боломж өнөөдөр нээгдэж байна. Олон жил яригдсан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Ингээд Үндэсний баялгийн сан хэрэгжлээ. Баялагтаа эзэн байх Үндсэн хуулийн суурь концевц хэрэгжиж эхэллээ. Үндэсний баялаг ард түмэндээ шууд хүртээмжтэй эхлэл тавигдаж байна. Ингээд үндэсний баялгийн санг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол батлагдлаа.