Хиймэл оюунд суурилсан иргэнээ хамгаалдаг “E Mongolia” 4.0 системийн шинэчилсэн хувилбарын нээлт маргааш /2024.05.07/ болно.
Хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэх бөгөөд зөвхөн үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан нь “4.0” шинэчлэлийн онцлог аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд E-Mongolia-н хамт олонтой уулзах үеэр “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлтэй холбогдуулан
- МУ-ын нэгдсэн платформыг хөгжүүлэх,
- Улаанбаатар хотын нийтийн тээвэр, хаягжилт, төрийн үйлчилгээ зэрэг асуудлуудыг НЗДТГ-тай хамтран шийдвэрлэх,
- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хамтран хийх
- Төрийн байгууллагуудын бичиг цаас солилцоог цахимжуулах,
- Төлбөр тооцооны нэгдсэн системийн шийдлийг E-Mongolia-г түшиглэн төр, хувийн хэвшил хамтран боловсруулах зэрэг саналуудыг хэлж байв.
Эргэн сануулахад E-Mongolia 3.0 шинэчилсэн хувилбарын нээлт 2023 оны тавдугаар сард болж байсан юм. E-Mongolia 3.0 хувилбарын шинэчлэлүүдээс дурдвал,
- Хэрэглэгчид иргэний үнэмлэхийн зургаа харуулахгүй байх, бүрсийлгэх, dark mode горимоор ашиглах зэрэг тохиргоог өөрөө хийх
- 4 оронтой код хийлгүй хурууны хээ болон царай таньж нэвтрэх
- Яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх
- Тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг үйлчилгээг хамгийн ойр харуулах буюу хандалт ихтэй үйлчилгээ санал болгох боломжтой болсон юм.
Мөн E-Mongolia систем вэб порталдаа,
- Системд хандахад хамгийн түрүүнд хайлтын хэсэг гарч ирэх шийдэл
- Хянах самбараас үйлчилгээний хүсэлт шийдвэрлэлтийн явц, сонордуулга гэх мэтээр бүхнийг хянах боломж
- Хэрэглэгчид ойр, амьд сэтгэгдэл төрүүлэхүйц хөдөлгөөнт анимэйшн бүхий өнгөлөг шийдлийг иргэдэд санал болгодог болсон.