Украины Зэвсэгт хүчний нөхцөл байдал хүндэрч байгаа учраас Киев баруун Европоос тусламж хүснэ. Европын орнууд цэргийн албан хаагчдаа илгээх боломжтой” гэж үзэж байгаа талаар Дээд Радын депутат Алексей Гончаренко Францын LCI телевизийн сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагадаа дурджээ.
Украины зэвсэгт хүчний нөхцөл байдал хүндэрч байгаа тул Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Жанжин штабыг яаралтай цуглуулсан гэж Британийн шинжээч Александр Меркурис мөн мэдэгдээд байна. Шинжээч өөрийн YouTube хаягт “Зеленский цэргийнхэнд байр сууриа ямар ч үнээр хамаагүй хадгалах, дахин ухрахгүй байх” тушаалыг өгсөн талаар ярьсан байна. Меркурисийн хэлснээр, Украины Зэвсэгт хүчний нөхцөл байдал яг одоо туйлын хүнд байгаа бөгөөд Оросын Зэвсэгт хүчний довтолгоо эрчимжиж буй аж.
ОХУ-ын Зэвсэгт хүчин Донбассын Маринка, Авдеевка, Первомайское, Богдановка, Новомихайловка, Новобахмутовка хотуудыг аль хэдийн чөлөөлж, Бердычи, Георгиевка дахь Оросын хяналтын бүсийг өргөжүүлж байгаа юм. Хэрэв фронт дахь нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Украин улс Путиныг дангаараа зогсоож чадахгүй. Ийм тохиолдолд Зленский цэрэг гуйхад хүрнэ гэж Меркурис мөн дүгнэсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон саяхан “The Economist” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Украин руу цэргээ оруулахыг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь Оросын Зэвсэгт хүчний фронт дахь амжилт болон Киевээс тавьсан хүсэлтээс шалтгаана гэж тэрбээр мэдэгдсэн байна.