Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулсан Шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулан Засгийн газар “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл”-ийн 1 дүгээр зүйлийн 3-т Авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах саналыг УИХ-д өргөн бариад буй. Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Авлига, авлига албан тушаалын гэмт хэргийн гаралт өссөн, хурдаа нэмсэн. эндээс учирч байгаа хохирлын хэмжээ, цар хүрээ үлэмж нэмэгдсэн. Авлигын гэмт хэргийн улмаас учирч байгаа хохирол хэдэн их наядаар хэмжигдэж, хохирол барагдуулалт, цар хүрээ нэмэгдэж байгаа.
Гарч байгаа авлигын хэргүүд улс орон дамнасан, дандаа улс төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой, гадаад улс орнуудад данс нээсэн, хөрөнгүүд авсан, байршуулсан гэдгээрээ ердийн гэмт хэргээс ялгаатай. Мөрдөж байгаа мөрдөгч, хянаж байгаа прокурор, шийдвэрлэж буй шүүгчийн ур чадвар нь цагаан захтнуудаасаа, авлигачдынхаа ухаанаас хоцрогдсон.
Үндсэндээ гэмт хэрэгтнүүд ухаалагжсан эрх мэдэлтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сүлжээтэй болсон.
Ийм сүлжээтэй, гүрэн дамнасан мөрдөлт шаарддаг хэргийг танхай, зодооны хэрэг шүүдэг шүүгчид шүүдэг. Ийм шүүгчийн бүрэлдэхүүнтэй, ийм тогтолцоотойгоор авлигачдаа намнаж дийлэхгүй байна аа гэдэг үүднээс Засгийн газар энэ дагнасан шүүхийг ярьж эхэлж байна.
Авлигын хэргийн шүүх байгуулах асуудлаас ард түмэн айхгүй байгаа. Авлигачид бол айгаад байгаа. Авлигачид л хамгийн түрүү Авлигын шүүхээс айгаад байгаа шүү дээ. Эсэргүүцэж байгаа, Нүүрсний сонсголыг хамгийн их эсэргүүцэж байгаа нь нүүрсчид байгаа. Тэд хуулийнхантай, банк санхүүгийнхантай, хувийн сэтгүүлчидтэй болсон байгаа.
Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан манай намын улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй сэтгүүлчид хамтарсан компанитай байна. Тэд нүүрсчдийг улаан цагаан хамгаалж байна. Бүхэлдээ сүлжилдсэн байна. Энэ авлигын хэргийн шүүх, нүүрсний сонсгол гээд асуудлуудаар бүх салбар энэ хатигнуудаасаа салцгаая.
Улс төрийн намууд нь АН, МАН-гүй энэ улстөрчдөөсөө салъя, хуулийн салбар дотроо байгаа бохир хуульчдаасаа салъя, шүүхийн салбар бохир шүүгчдээсээ салъя, бохир авлигажсан сэтгүүлчдээсээ хэвлэл мэдээллийн салбар салмаар байна