Засгийн газрын өнөөдрийн хурлаас гаргасан шийдвэрийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргын томилгоог хийлээ. Өнгөрсөн онд сонгон шалгаруулалт зарласан байсан юм. Ингээд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнэ гэж залууг томиллоо. Түүнийг томилох бүрэн боломжтойг ТАЗ болон АТГ-аас мэдэгдсэн.
Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд дэвших, ажиллах хуулийн зохицуулалтыг хийсэн. Төрийн албанд 4,500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг. Үүний 10% нь төрийн захиргааны албанд байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албаны шалгалт өгөх гэхээр тохируулгууд хийгдээгүй, тоног төхөөрөмжүүд муутай байсныг Төрийн Албаны Зөвлөлтэй хамтарч ажиллаж, шалгалт өгөх боломжтой болгосон.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн албаны шалгалт өгөх босгыг хоёр дахин багасгасан юм.
Төрийн хэмнэлтийн хуулиар агентлагууд дэд даргагүй байгаа ч дэд даргатай байх зохицуулалтыг хийж өгсөн. Таван аймгийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг байгуулж, ашиглалтад оруулсан. Аймаг орон нутаг болон Улаанбаатарт дахин таван төв байгуулагдаж байна.
Улсын хэмжээнд 115,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг” гэж ярилаа.
М.Маргад-Эрдэнэтэй шалгалтад хамт орсон Г.Баясгалан гэдэг хүн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ч татжээ.
Ирэх оны сонгуульд МАН-аас хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүнийг жагсаалтаар УИХ-д оруулахаар болж байна. АН уг саналыг дэмжиж байгааг тэрбээр хэллээ.