Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо

Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын сүрт жагсаал ёслол төгөлдөр болж өнгөрлөө. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, тус парадад 9 мянга гаруй цэргийн албан хаагч, 75 нэгж цэргийн техник болон нисэх онгоцууд оролцжээ.

Уламжлал ёсоор Аугаа их Эх орны дайнд оролцсон ахмад дайчид Ялалтын парадыг үзэхээр Улаан талбайд уригдан иржээ.

Парад эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярын үйл ажиллагаанд уригдан ирсэн гадаад улсуудын төрийн тэргүүн нарыг Кремлийн ордны Сүлдэт танхимд угтан авлаа. Ялалтын 79 жилийн ойн баярт оролцохоор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусь, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон Гвиней-Бисау, Куба, Лаосын төрийн тэргүүн нар Москва хотноо хүрэлцэн иржээ.

Парадыг нээж Ерөнхийлөгч В.Путин үг хэлэхдээ “Бид бүгдээрээ эцэг, өвөг эцэг, элэнц өвөг дээдсийнхээ дурсгалыг алдаршуулан хүндэтгэж байна. Тэд эх нутгаа хамгаалж, нацизмыг бут ниргэж, Европын ард түмнүүдийг чөлөөлсний зэрэгцээ хөдөлмөрч баатарлаг үйлс бүтээсэн”-ийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Дэлхийн II дайны талаарх үнэн баримт нь барууныхны колонийн бодлогод саад учруулж байгаа учраас тэд үнэнийг гажуудуулах гэж оролдож байгааг дурдаад, өш хонзон авах бодлого буюу реваншизм бол шинээр хямрал мөргөлдөөнүүдийг өдөөхөд чиглэсэн барууны элитүүдийн бодлогын нэгэн хэсэг мөн гэдгийг тэмдэглэн хэллээ.

Дайны эхний жилүүдэд ЗХУ нацизмтай ганцаараа тулалдаж байсан бол Европ даяараа Гитлерийн төлөө ажиллаж байсныг В.Путин сануулан дурдсаны зэрэгцээ дайны явцад хоёрдугаар фронт нээсний ач холбогдлыг ОХУ хэзээ ч  дутуу дорд үнэлж байгаагүй гэдийг онцлон тэмдэглэв.

Гитлерийн эсрэг эвслийн бүх цэрэг дайчид, Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид, фашизмын эсрэг далд фронтод тэмцэгчид, партизанууд, милитарист Японы эсрэг тусгаар тогнолынхоо төлөө тэмцэж байсан Хятадын ард түмний эрэлхэг зоригийг бид хүндэтгэн дурсаж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч хэллээ.

Тэрбээр мөн “цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид бол баатрууд бөгөөд бүх Орос даяараа тэдэнтэй хамт байгаа, Орос орны хувь заяа, түүний ирээдүй хүн бүрээс шалтгаална” гэдгийг онцлон дурдав.

Парадын үеэр “Феникс” ба “Линза” хэмээх хамгийн сүүлийн үеийн загварын хуягт машинуудыг анх удаа олон нийтэд үзүүллээ.

Оросын нисэх хүчний өндөр зэрэглэлийн “Русские витязи”, “Стрижи”  багуудын нисгэгчид Су-30СМ, МиГ-29 сөнөөгч онгоцууд ба МиГ-29 дайрагч онгоцуудаар Улаан талбай дээгүүр нисэн өнгөрөхдөө уран жолоодлогын үзүүлбэр үзүүлэв.

Мөн цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй цэрэг дайчид Улаан талбайн Ялалтын парадад анх удаагаа оролцлоо.

Парад дууссаны дараа Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярт уригдан ирсэн гадаад улсуудын төрийн тэргүүн нарын хамтаар Улаан талбай дундуур алхсаар Александрын цэцэрлэгт очиж, Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *