Европын өдөрлөгөөр маргааш шенгений визийн зөвлөгөө өгнө

Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Европын өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд маргааш /2024.05.11/ 11:00-18:00 цагт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас зохион байгуулах гэж байна. Энэ жил Монгол Улс болон Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буйгаараа онцлог юм.

Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцаж, үндэсний хоол амттанаар дайлуулан, хөгжөөнт тоглоом тоглож, урлагийн тоглолт үзэхээс гадна Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгнө. Европын Холбооны асраар зочилж, боловсролын Эрасмус тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл авах, төгсөгчидтэй уулзаж зөвлөгөө авах боломжтой байна.

Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 70 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм. Түүнчлэн Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Үүгээр ч зогсохгүй бүтэн өдрийн турш урлаг соёлын хөтөлбөр тайзнаа үргэлжлэх бөгөөд Унгараас зорин ирсэн уран бүтээлч, Don Turito, Magnet brain, the Royal Heartaches хамтлагийн тоглолт багтаж буй юм.

Хүмүүсийн хамгийн ихээр сонирхдог шенгений визийн зөвлөгөө мэдээллийг хүссэн хүн бүр асраар зочилж авах боломжтой бөгөөд зөвхөн сурахаас гадна ажиллах нөхцөлийн талаар бусад мэдээллийг ч нээлттэй авах боломжтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *