2024 оны тавдугаар сарын 3-9-ний өдрүүдэд, Хятадын засгийн газрын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хүй Турк, Египет, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай гурав дахь шатны дипломат ажиллагаагаа өрнүүлэв. Айлчлалын өмнө хойно тэрээр Бразил, Өмнөд Африк, Индонез, Казахстаны албаны хүмүүстэй санал солилцжээ. Хятад улс Украины хямралын асуудлаар бүх талуудтай санал бодлоо гүнзгий солилцож, нөхцөл байдлыг намжаахыг уриалсан Хятадын дараах саналуудыг талууд хүлээн зөвшөөрч байна.
Нэг, байлдааны талбарыг өргөжүүлэхгүй, дайныг даамжруулахгүй, дайныг дэврээхгүй байх “гурван зарчим”-ыг дагаж мөрдөхийг уриална.
Хоёр, яриа хэлэлцээ хийх нь Украины хямралыг шийдвэрлэх цорын ганц боломжтой арга зам юм.
Гурав, холбогдох газруудад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлж, хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулж, томоохон хэмжээний хүмүүнлэгийн хямралаас урьдчилан сэргийлнэ.
Дөрөв, цөмийн зэвсэг, биологийн болон химийн зэвсэг хэрэглэхийг эсэргүүцэж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлж, цөмийн хямралаас зайлсхийнэ.
Тав, цөмийн цахилгаан станц зэрэг энхийн зориулалттай цөмийн байгууламжид зэвсэгт халдлага хийхийг эсэргүүцэж, талууд цөмийн аюулгүй байдлын конвенц зэрэг олон улсын хуулийг дагаж мөрдөн, хүний шалтгааны улмаас цөмийн осол гарахаас эрс зайлсхийнэ.
Зургаа, эрчим хүч, санхүү, үр тарианы худалдаа, зам тээвэр зэрэг олон улсын хамтын ажиллагааг хамтран дэмжиж, газрын тос, байгалийн хийн хоолой, эрчим хүчний байгууламж, тэнгисийн кабель зэрэг үндсэн дэд бүтцийн аюулгүй байдлыг баталгаажуулж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаална.