Д.Трамп: Тушаалд орсныхоо дараа Байдены олон захирамжийг хүчингүй болгоно

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Трамп 19-ний өдөр хэлэхдээ, 20-ны өдөр тангараг өргөж тушаалд орсныхоо дараах “хэдхэн цагийн дотор” Байдены засгийн газрын олон захирамж тушаалыг хүчингүй болгоно гэж мэдэгджээ. Д.Трамп 19-ний үдээс хойш Вашингтон ДС бүсийн “Capital One Arena” спортын ордонд болсон цуглаан дээр хэлэхдээ, Байдены засгийн газрын гаргасан “радикал, тэнэг” тушаал болгоныг тэрбээр тангараг өргөснийхөө дараах хэдхэн цагийн дотор бүгдийг нь хүчингүй болгоно гэж мэдэгджээ. Өөрөө үүрэгт ажилдаа орсноор “Америкийн бууралт ухралтын дөрвөн жил”-ийг төгсгөл болгоно гэж тэрбээр мөн хэлжээ.
Д.Трамп хэлэхдээ, хилийн аюулгүй байдал, эрчим хүч, Холбооны засгийн газрын зардал, нийгмийн харилцааны богино хэмжээний видео платформ ТикТок, “олон талт, шударга, уужуу багтаамжтай байдал”-ын бодлогыг хамарсан засаг захиргааны олон захирамжид тэрбээр гарын үсэг зурах болно гэв. Д.Трамп тангараг өргөх өдрөө 100 гаруй захирамж тушаалд гарын үсэг зурах болно гэж АНУ-ын олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэж байна. Д.Трамп 20-ны үдэд тангараг өргөж тушаалд орох юм. Нийслэл Вашингтонд цаг агаар эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул түүний тангараг өргөх ёслолын ажиллагаа танхимд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *