БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол Улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт оруулжээ.
Визийн хөнгөлөлтийн талаар өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гу танилцуулав.
Тэрбээр “1. Боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх
- (Одоо мөрдөгдөж буй) БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн
- (Өөрчлөлт орсон) БНСУ-д коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн болгож өөрчлөв.
2. Визийн хүчинтэй хугацааг сунгах
- (Одоо мөрдөгдөж буй) Богино хугацааны аялал (С-3), оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа 1 жил
- (Өөрчлөлт орсон) Богино хугацааны аялал(С-3), оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацааг 3 жил болгож сунгав.
3. Олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэх
- (Шинээр нэмсэн) Нөхөр/эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь одоогийн байдлаар БНСУ-д урт хугацаагаар амьдарч буй (1 жилээс дээш хугацаагаар) иргэн
- (Шинээр нэмсэн) Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн оронд зорчих визтэй, тус орнуудад зорчиж байсан иргэн
БНСУ-ын хуулийг сайн дагадаг улс орнуудад визийн нөхцөлийг сунгах, хөнгөвчлөх арга хэмжээ авч ажиллаж байгаа. Харин хуулийг сахидаггүй улсад хатуу арга хэмжээ авах болно” хэмээв.
Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Консулын газрын захирал Б.Болд “Монгол улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр визийн хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд тавьсан. Тус улсаас виз хөнгөвчилж буй явдалд талархал илэрхийлье” гэв.