Нарны хорооллын иргэд хотын төв рүү явган хүний гүүрээр зорчдог болно

Баянгол дүүрэг, “Нарны хороолол”-ыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн гарц хийх асуудлаар өнөөдөр хотын дарга тус дүүргийн удирдлагуудтай уулзжээ.

Гарц хийгдсэнээр “Нарны хороолол”-д байгаа 5,200 өрхийн 20,000 мянган иргэн явганаар хотын төв рүү шууд орох боломж нээгдэж байгаа юм байна.

Уг гарцын асуудлыг ирэх жил шийдэхээр тогтож байгаа учир тус дүүргийн удирдлагуудад арванхоёрдугаар сарын эхээр тендерээ зарлаж гүйцэтгэгчээ олохыг тэрбээр даалгалаа.

Мөн ирэх жилийн нэгдүгээр сард гэрээ хийж, гуравдугаар сард ажлаа эхлүүлэн хүүхдүүдийн сургууль тарахаас өмнө гүүр ашиглалтад орох төлөвлөлтөөр ажиллана гэв.

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ​​​​​​”141-р сургуулийн даац хэтэрсэн учир газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй өргөтгөл хийх тал дээр уулзалт хийнэ.

Өнгөрсөн 20-иод жилд бид орон сууцны хороолол барихдаа хүүхэд сургууль, цэцэрлэгт суралцана гэдгийг мартаж төлөвлөсөн. Иймд одоо байгаа хорооллууд дотроо сургууль цэцэрлэг нэмж барина, орцуудыг нэмж алдааг засна” гэв.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр “Нарны хорооллыг Нарны замтай холбосон явган хүний гүүрэн байгууламж барихаар нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд тусгасан. 141 дүгээр сургуулийн хувьд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн. Иймээс ирэх баасан гарагт сургуулийн өргөтгөлийн газрыг шийдвэрлэхээр “Хурд” группийн удирдлагатай Хотын дарга уулзахаар боллоо. Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч нар хамтран үер, усны далан шуудуу, сургууль, цэцэрлэг, тохижилттой холбоотой олон асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд тусгуулсан” гэв.

НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн “Нарны зам дээгүүр байгуулах явган хүний гүүрэн гарцын урт 105 метр. Нарны хороолол, “Алтай” хотхоны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт зөөх үеэр тухайн бүсийн орц, гарцад ихээхэн ачаалал үүсдэг. Төвлөрөл, түгжрэлийг сааруулахад хотхоноос орох, гарах гарцыг тэлэхээс гадна тус явган хүний гүүр чухал ач холбогдолтой. “Алтай” хотхонд гурван аж ахуйн нэгж, хоёр иргэнтэй зөвшилцөх шаардлагатай. Харин Нарны хороололд хоёр томоохон аж ахуйн нэгжтэй зөвшилцөнө. Баянгол дүүрэг 34 хороотой бөгөөд өнөөдөр зөвхөн хоёр хорооны асуудлыг ярьж байна. Үлдсэн 32 хорооны асуудлыг ч цаашид хөндөж, газар дээр нь ажиллана” гэсэн талаар НЗДТГ-ЫН хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *