МАН-ын бүлэг: Хэвлэлийн эрх чөлөөнд халтай хууль, эрх зүйн орчныг сайжруулна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэвлэл мэдээллийн сайтыг хаасан, томуу, томуу төст өвчин нэмэгдэж буйтай холбоотой асуудлыг хэлэлцэж мэдээлэл хийлээ.

Н.Учрал: Зариг.мн сайтад Монгол Улсаас хандах боломжгүй болсон

ЦХХХ-ын сайд Н.Учрал: Үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулах эрх зүйн орчныг илүү тодорхой зохицуулах шаардлага үүсэж байна. Хувь хүний асуудал гэхээс илүүтэй Монгол Улсын иргэн бүрийн асуудал. 2001 онд шинэчлэгдсэн Харилцаа холбооны тухай хууль гэж бий. Уг хуульд тусгаснаар домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмыг Харилцаа холбооны зохицуулах газар баталж Хууль зүйн яамд бүртгүүлснээр хэрэгжиж эхэлдэг. Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журамд үндэслэж интернэтийн үйлчилгээ үзүүлэгчидтэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл олгодог. Ингэж гэрээ байгуулахдаа тухайн байгууллагыг хуулийн дагуу үүрэгжүүлдэг юм байна лээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тохиолдолд прокурор зөвшөөрсөн бол тухайн байгууллагад Харилцаа холбооны зохицуулах хороонд тодорхой хязгаарлалт хийхийг даалгадаг. Тэгэхээр зохицуулах хороо бол хуулийг хэрэгжүүлэх л байгууллага. Прокурорын байгууллага зөвшөөрөөд, даалгаад, цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан бол хурдан хугацаанд тусгай зөвшөөрөл олгосон байгууллагууд руу мэдэгдэл явуулдаг. Жишээлбэл, олон нийтийн сүлжээний бүх төрлийн платформуудаар сая хаагдсан зариг.мн сайт үйл ажиллагаа нь явж л байгаа. Зөвхөн монголоос хандах хандалт буюу Монголд байршиж байгаа сервер дээр л тодорхой хязгаарлалт хийдэг хуулийн зохицуулалттай юм байна.

Гэтэл иргэд үүнийг Засгийн газар шийддэг юм шиг тайлбарлаад байдаг. Яг үнэндээ хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад тотгор учруулж байгаа асуудалд хэн нэгэн хүн орох ямар ч эрх байхгүй. Тэгэхээр иргэний хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа асуудал дээр бид ямар нэг тайлбар хийхгүй. Бид мэдэхгүй. Харин үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх бол ардчиллын амин сүнс. Өнгөрсөн хугацаанд 6868 домэйн дээр зохицуулах хороо хязгаарлалт хийсэн. Ер нь цаашид хэвлэл мэдээллийн байгууллагынхаа эрх чөлөөг илүү баталгаажуулах хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн асуудал. Манай нам, Ерөнхий сайдын зүгээс хэвлэлийн эрх чөлөөгөөр баталгаажуулах, үгээ хэлэхийг хүндэтгэх асуудлыг илүү цогц утгаар нь харъя гэж байгаа. Хэвлэлийн эрх чөлөөнд халтай зохицуулалтыг хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Үүнийг эргэж харахын төлөө өнгөрсөн хугацаанд ажилласан бол одоо илүү ажил хэрэг болгоё гэдэг рүү чиглэж байна. Өнгөрсөн таван сарын хугацаанд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг манай дэд сайд ахлан ажиллаж байсан. Тэгэхээр бид ойрын хугацаанд Харилцаа холбооны тухай хуульд тодорхой өөрчлөлтийг тусгаж илүү үгээ хэлэх эрх чөлөөг  баталгаажуулах дээр онцгой анхаарна .

С.Чинзориг: Сурагчдын амралтыг урагшлуулахгүй

Эрүүл мэндийн сайд Б.Чинзориг: Томуу, төст өвчний дэгдэлт идэвхжилийн түвшин буюу хоёрдугаар шатад байна. Одоогийн байдлаар амбулаторийн үзлэгээр нийт иргэдийн 5.5 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлсэн байна. Ийм идэвхжилийн түвшинд байгаа учир хичээл сургууль завсарлуулах, амралтыг урагшлуулах, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах нөхцөл байдал үүсээгүй байна. Ер нь, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх 300 мянган тун томуугийн эсрэг вакциныг худалдан авч, хүүхэд, эмзэг бүлгийн иргэд, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулах арга хэмжээ авсан.

Өнөөдрийн байдлаар эрсдэлт бүлгийн хүн амыг 89.8 хувь нь вакцинжуултад хамрагдсан байна. Одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагад тасалдсан эм, тариа байхгүй. Эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна. Мөн амбулаторийн үйлчилгээг уртасгасан цагаар өнөөдрөөс ажиллуулж, ӨЭМТ-ийг амралтын өдөр уртасгасан цагаар ажиллуулж байна. Ялангуяа хүүхдийн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир их нялхас, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр дээр резидэнт эмч нарыг ажиллуулах, АШУҮИС-ийн сувилахуйн мэргэжлийн төгсөх дамжааны 90 оюутныг сувилагчийн туслахаар ажиллуулахаар болсон гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *