АНУ-ын цэргийн хөлөг маргаантай бүсэд нэвтэрчээ

АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоц өнөөдөр /2023.12.04/ Өмнөд Хятадын тэнгис дэх Хоёрдугаар Томас Шоалын ойролцоох усанд хууль бусаар нэвтэрчээ. Энэ нь Хятад, Филиппиний хоорондын газар нутгийн маргаантай бүс юм. Ардын чөлөөлөх армийн мэдэгдсэнээр энэ нь “USS Gabrielle Giffords” хөлөг байжээ. 

Филиппин улс 1999 онд тус бүс нутагт цэргийн зорилгоор байлдааны хөлөг онгоцоо зориудаар осолдуулж байсан. Уг хөлөг онгоцыг сэргээн засварлаж, ажиллагаанд оруулах вий гэсэн болгоомжлол Хятадад байгаа тул хоёр улсын тэнгисийн цэргийн болон эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд сүүлийн саруудад удаа дараалан мөргөлдөж байна. 

Цэргийн хүчин чадлын хувьд Хятад улс Филиппинээс илүү. Тийм учраас Филиппиний эрх баригчид энэ оны эхээр АНУ-аас тусламж хүсч, бүс нутаг дахь Вашингтоны цэргийн оролцоог өргөжүүлэхээр тохирчээ. Энэ хүрээнд АНУ-тай тэнгис, агаарын хамтарсан эргүүл хийхээр болсон. “USS Gabrielle Giffords” хөлөг Хоёрдугаар Томас Шоалын ойролцоох усанд хууль бусаар нэвтэрсэн нь АНУ асуудалд хөндлөнгөөс оролцож буйн илэрхийлэл гэж Хятад мэдэгджээ. Мөн бүс нутгийн хурцадмал байдлыг АНУ бий болгож байна гэв. 

Дашрамд дурдахад, Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх бараг бүх уул, хадыг эзэмшиж, заримыг нь цэргийн зориулалтаар ашиглаж байна. Вьетнам, Малайз, Тайвань, Бруней улсууд Филиппиний нэгэн адил Хятадтай газар нутгийн маргаантай байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *