Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвасын эрх мэдлийг Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббаст олгохыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн талаар Jerusalem Post сонин мэдээлэв. Мөн тэрбээр “Намайг Израилийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа цагт ийм зүйл болохгүй” гэжээ.
Лхагва гаригт Израилийн цэргүүд Хамасын удирдагч Яхья Синварын байшинг бүсэлсэн тухай мэдэгдсэн бөгөөд энэ талаар Израилийн Ерөнхий сайд “Бид Синварт очих нь цаг хугацааны л асуудал байсан” хэмээжээ. Энэ өдөр Израилийн хойд хэсэгт агаарын довтолгооноос сэргийлэх дохио дуугарч, хил орчмын суурингийн оршин суугчдыг буудлагын аюулаас сэрэмжлүүлжээ.
Мөн Газын зурвасаас их хэмжээний зэвсгийн агуулах илрүүлсэн бөгөөд алсын тусгалын пуужин, тэдгээрийг хөөргөх төхөөрөмж, дрон, тэсрэх бодисууд хадгалагдаж байсан гэнэ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд арми Хамас бүлэглэлийн бүс нутаг дахь байрлалд 250 орчим цохилт, ялангуяа хөдөлгөөний дэд бүтцэд шууд дайралт хийсэн байна.
Үүнээс гадна Израилийн тагнуулын ажилтнууд баруун эрэгт дайралт хийсэн бөгөөд Женин хотод тэсрэх бодисын үйлдвэр илрүүлж, терроризм, ХАМАС-тай холбоотой байж болзошгүй хэмээн хэд хэдэн хүнийг баривчилжээ. Энэхүү дайралтын улмаас Израилийн аюулгүй байдлын хүчнийхэн болон палестинчуудын хооронд мөргөлдөөн гарч, хоёр палестин хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байна.