“17 хүүхдэд тариа хийх явцад процедурын алдаа гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа”

Яармагийн Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлэгт 4 сартайгаас 12 насны 17 хүүхдэд хийсэн тариа ямар учраас урвал өгсөн байж болох талаар тус эмнэлгийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Тус эмнэлгийн эмчилгээ хариуцсан захирал н.Цэгмид “Хүүхдүүдийн тандалтад үндэслээд тарианы стандарт алдсан байх магадлалтай гэж үзэж байна. Чанарын алба хурал хийгээд сувилагчид хариуцлага тооцохоор болж байна.

Гурван өөр төрлийн антибиотик болох ампициллин, амоксиклав, цефтриаксон тариаг хүүхдүүдэд хийсэн. Эдгээр хүүхдүүд 4-5 хоногийн өмнө сорил тавиулж, уг тариануудыг хийлгэхэд ямар нэгэн урвал үзүүлээгүй. Өчигдөр 22:00 цагийн тарианд асуудал үүслээ.

Тариануудын дуусах хугацаа 2024 оны хоёрдугаар сар. Хүүхдүүдэд буруу тариа хийгээгүй, тарианы дээжийг хадгалсан байна.

Хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь хянахаар эцэг, эх асран хамгаалагчид нь амлалаа. Шөнө 02:00 цагт авсан шинжилгээгээр тариа хүүхдүүдийн аминд халтай байдал нь хэвийн. Тиймээс дараагийн цагийн тариаг өөрчлөөд байна. Эдгээр хүүхэд нь 4 сартайгаас 12 насныхан. 

Найруулсан тариан дотор ямар бодис байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул шинжилгээгээр тодорхой болно. Уг тариануудыг 0.9 процентын натри хлоридоор найруулах ёстой. Тариаг хийлгэх хүний дэргэд харуулж задалдаг. Сувилагч эмчийн заавраар тариа хийдэг. Тухайн тариаг хийсэн сувилагч улсад 20 гаруй жил ажилласан” хэмээн ярилаа.

Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлгийн Стратеги, бодлого төлөвлөлтийн дэд дарга “Ямар нэгэн байдлаар тариа хийх явцад процедурын алдаа гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа.

Хүнд тариа хийхэд Монгол Улсын стандартыг мөрддөг. Энэ стандарт 17 хүүхдэд тариа хийхэд зөрчигдсөн учир урвал өгсөн гэж үзэж байгаа. Тухайн тасгийн 21 дэх хүүхдэд тариа хийж байх үед түрүүчийн хүүхдэд урвалын шинж илэрсэн байгаа юм. Ингээд тариа хийх явцыг зогсоосон. Уг тасагт 52 хүүхэд хэвтэж байсан.

Манай эмнэлэгт эмчлүүлж буй 400 орчим хүүхдэд яг энэ гурван тариаг 22:00 цагт хийсэн, ямар нэгэн урвал өгөөгүй.

Тариаг 0.9 процентын натри хлоридоор найруулж, үйлчлүүлэгчид тариа болон хугацааг харуулах ёстой. Энэ процедур дунд алдаа гарсан байх магадлалтай гэж үзээд байна.

Хүүхдэд уян зүү ашиглаж, тариа хийдэг” гэв.

Тус эмнэлэг 121 сувилагчтай. Эдгээр сувилагч хэвтэн эмчлүүлж байгаа 400 орчим хүүхдэд үйлчилж байгаа аж. Сувилагч нар ачаалалтай ажиллаж байгааг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *