Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө зургаа дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд алсын дуудлагаар 18 аймагт очиж яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор ажлын байранд нь сургалт явуулж, үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж буй юм.
Уг ажлын үр дүнд Дорноговь, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасагт цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг эмчлэх суурь багажтай болсноор энэ төрлийн мэс засал эмчилгээг орон нутагт амжилттай хийж эхэллээ.
Цаашид цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг бусад аймагт нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулахад анхаарч, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн хамт олон зорилтот томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.