Кембрижийн их сургууль Чингис хааны өвийг судална

Кембрижийн их сургууль Монголын засгийн газартай хамтран Чингис хааны өвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. XIII зууны үеийн энэ жанжин “агуу удирдагч, дипломатч, шинийг санаачлагч” гэдгээрээ нэр хүндтэй билээ. Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номин ярихдаа “уг төсөл нь Монголын эрдэмтдийн хойч үеийг бэлтгэн төлөвшүүлэхэд тус дөхөм үзүүлнэ” гэлээ.

Чингис хаан бол Монголын шинэ тулгар төрийг үндэслэгч бөгөөд нэг сая гаруй хавтгай дөрвөлжин бээр (2.59 сая км2) газар нутгийг байлдан дагуулсан юм. Тэрбээр 1227 онд нас баржээ. Хатагтай Ч.Номин өнгөрсөн сард Их Британид айлчлах үеэрээ Кембрижийн их сургуулийн Монгол, Төв Ази судлалын төвтэй хамтран судалгаа хийхээр тохиролцсон юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Номин “Авьаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийг эх орондоо “нутагшуулжээ”. “Энэхүү судалгааны хамтын ажиллагаа нь Монголын эзэнт гүрэн дэлхий дахинд хэрхэн нөлөөлснийг гүнзгий ойлгож мэдэхэд тусална гэдэгт найдаж байна” гэж тэрбээр хэллээ.

“Чингис хаан өртөөг анх санаачлан байгуулж, хамгийн анхны паспортыг нэвтрүүлсэн гэдгийг хэр олон хүн мэдэх вэ? Тэрбээр бүх шашныг адил тэгш хүндэтгэн үзэж, энхийг тогтоогоогүй гэж үү? Чингис хаан бол цэргийн алдарт жанжин гэдгээрээ нэрд гарсан боловч агуу удирдагч, дипломатч, шинийг санаачлагч байсан” гэж Ч.Номин ярилаа. Энэхүү түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд судалгааны болон замын зардлын тэтгэлэгт хамрагдах боломж бүрдэнэ.

“Бид домогт өгүүлдэг түүхийг судалж үнэн бодит байдлыг нээнэ. Бид Чингис хааныг зөвхөн хувь хүнийх нь талаар судлаад зогсохгүй, түүний өвийг судална” гэж Монгол ба Төв Ази судлалын төвийн захирал, профессор Дэвид Снит хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *