Нийслэлийн агаарын бохирдол, ус, хөрсний бохирдол, хог хаягдал тулгамдсан асуудал мөн үү мөн. Олон жил ярьж байгаа ч шийдэл гаргаагүй, гараагүй. Салбарууд үе үе тус тусдаа дуугардаг болохоор тэгтэлээ анхаарлын төвд ч орж байсангүй. Өнөөдөр ЕС Оюун-Эрдэнийн “Өглөөний уулзалт” байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын дунд өрнөж. Өмнө нь дуулдаж байгаагүй шинэ соргог мэдээлэл, авчихаар санаа, оноо нэлээн гарч иржээ. Том үсгээр бичсэн гарчиг маягын өгүүлбэрийг хараад явмаарай
ХӨРС БОХИРДУУЛАХ АСУУДЛЫГ ЭРҮҮ, ЗӨРЧЛИЙН ХУУЛЬД ТУСГАМААР БАЙНА
Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш, доктор. (Ph.D) Т.Оюунчимэг: Судалгаанд суурилсан үр дүн чухал. Монгол Улсад ус, хөрс, агаарын бохирдлын бүх судалгааны дүнг нэгтгэсэн нэг л сан баймаар байна. Жил бүр маш олон байгууллагаас судалгаа шинжилгээ хийгддэг. Цаг хугацаа, эдийн засгийн хувьд ч нэгтгэвэл хэмнэлттэй байж чадна. Мэдээллийн бүх тоо баримт, эх сурвалж нэг байвал судлаачдад ч, бас иргэдэд ч хэрэгтэй байна. Хөрс бол байгалийн хамгийн гол нөөц. Хуулиудад болохоор дайвар байдлаар тусгагдаад явдаг. Агаар, ус, ургамлын бохирдол доройтол бол хөрсөөр л дамждаг. Эрүү, Зөрчлийн хуульд хөрсний бохирдлын асуудлыг тусгуулмаар байна.
24 САРЫН ДОТОР 12 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИНА
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын өмнөх удирдлагууд ч хийж байсан. Гол нь дэд төвүүд байгуулаагүй. Зөвхөн орон сууцжуулах бүсээ зарлаад иргэдэд зааж өгдөг. Дэд бүтэц, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөгүй нь алдаа болсон. Бид үүнийг шийдэхийг зорьж байна. Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө. Ингээд 24 сарын дотор гэр хорооллын бүсэд 12 мянган айлын орон сууцны хороолол байгуулна.
УБ ХОТОД 2 САЯ ЖОРЛОН БАЙНА
“Монголын жорлонгийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Балсандорж: Агаарын бохирдол өвлийн хүйтний улиралд бий болоод арилдаг. Харин хөрс, усны бохирдол бол бодит хүндрэл болоод байна. Нүхэн жорлонг шийдэх шийдэл надад бэлэн байна. Усны хэмнэлттэй, хөөсрүүлэгч жорлон ашигладаг технологи байна. Бас биотехнологийн буюу хуурай жорлонг орчин үед хэрэглэдэг болсон. УБ хотод 2 сая жорлон байна. Үүнийг шийдэх хувьсгалыг хийхээр БОАЖ-ын сайд шийдлээ танилцуулсан. 2028 он гэхэд нүхэн жорлонгоос салах бүрэн боломж байна. Нүхэн жорлонгоос салах асуудал бол эцсийн дүндээ Засгийн газрын биш, иргэдийн л оролцооны асуудал юм.
АГААРЫН БОХИРДОЛ ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭЖ БАЙНА, НӨЛӨӨЛЖ БУЙ БОДИСЫГ ОЛЖ ТОГТООЖ ЧАДААГҮЙ БАЙНА
Нийгмийн эрүүл мэндийн судлаач, Анагаах ухааны доктор А.Энхжаргал: Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдлын судалгааг манай байгууллага хийж байсан. ДЭМБ-ын зөвлөмж, судлаачдын үзэж буйгаар агаарын бохирдол бүх үзүүлэлтээсээ давсан. Тиймээс стандартаа яаралтай шинэчилмээр байна. Дотоод орчны агаарын чанарын асуудалд бас анхаармаар байна. Дотоод орчны бохирдлыг хэмжих стандартыг батлуулах чиглэлийг ЭМЯ-нд өгөх тал дээр Ерөнхий сайд анхаарч өгөөрэй. Шахмал түлшээс өмнөх 10 жилд нийслэлийн агаарын чанар бүр ч хэцүү байсан. Цаашид ч анхаармаар байна. Агаарын бохирдол үргүйдэлд хүргэж байгаа. Үүнд нөлөөлж буй бодисыг гэхэд бид олж тогтоож чадахгүй л явж байна. Химийн гаралтай, хортой бодисыг зайлуулах, устгах үйлдвэр манай улсад алга байна.
ХОГ ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ИМПОРТ БОЛОН ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЖ ӨГНӨ ҮҮ
“Тогтвортой аялал жуулчлал” төслийн зөвлөх С.Аригун: Импортоор орж ирж буй бараанд хог хяагдлын 1 хувийн татвар тогтоож өгөөч, хог хаягдлын үйлчилгээний хураамж гээд татварын хуульд байгаа. Үүнийг 2017 оноос хойш хэрэгжүүлэхээ больсон. Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг импортын болон гаалийн татвараас чөлөөлж өгөөч гэж хүсмээр байна. Одоо хог хаягдлын төвлөрсөн хогийн цэгүүдийг байгальд дарж булдаг. Хөдөө, орон нутгийн хогийн цэгүүдэд эзэн алга байна. Үүнийг шийдэхэд онцгой анхаарч, улсын төсөв, гадаадын зээл тусламжид хамруулж өгмөөр байна. Аюултай хог хаягдлыг хүлээж авдаг төвлөрсөн газар алга байна. Хог хаягдлын боловсролыг иргэдэд олгомоор байна. Боловсролын тухай хуульд тусгуулмаар байна.
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ХАЖУУГААР ОЙ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Г.Галтайхүү: Ийм илэн далангүй, нээлттэй уулзалтыг тогтмол хийдэг баймаар байна. Ядаж улиралд нэг удаа хийвэл хаана хаанаа хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улс хийхгүйгээр цаашаа явахгүй. Татварын бодлогоор дэмжиж л үүнийг хийнэ. Монголын байгаль орчны иргэний зөвлөл бол 21 аймагт салбартай, төрийн бус 200 гаруй байгууллагыг нэгтгэсэн байгууллага. Японы буцалтгүй тусламжаар барьсан, Зайсанд байдаг байрны нэг жижигхэн өрөөнд ажилладаг. Үүнд анхаарч өгмөөр байна. Манай сан нэг сая мод тарьсан. Нийслэлд гэхэд Энхтайваны гүүрний хажуу талаар ой байгуулах боломжтой. Төр дэмжмээр байна.
ЦАХИЛГААН МАШИНЫГ НОГООН ЗЭЭЛЭЭР ДЭМЖМЭЭР БАЙНА
Цахилгаан автомашин импортлогчдын холбооны тэргүүн Т.Тумбиш: Цахилгаан машины хэрэглээг дэмжиж өгмөөр байна. Агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй. Гааль, НӨАТ гээд бүх татварыг төлж Монгол Улсад орж ирж байна. Цэнэглэдэг газруудын тоог нэмж өгмөөр байна. Ногоон зээлээр дэмжмээр байна. Мөн цахилгаан машинд ногоон дэвсгэртэй дугаар олгодог байсныг болиулаад цагааныг олгодог болсон. Үүнийг эргэж хармаар байна.