ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр 10-ны өдөр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар ярьж, Палестин-Израилийн мөргөлдөөн, ялангуяа Газын зурвас дахь хүмүүнлэгийн ноцтой байдлын талаар ярилцлаа гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн сайт мэдээлжээ.
Утсаар ярихдаа Владимир Путин, терроризмын аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй, ямагт буруушаана гэсэн зарчимт байр суурь илэрхийлээд, терроризмын аюул заналхийлэлтэй тэмцэхдээ энгийн иргэдийг аюул занал, ноцтой үр дагавраас холдуулах ёстойг онцолжээ. Орос улс энгийн иргэдийн зовлон шаналлыг хөнгөлөхөд тусалж, мөргөлдөөнийг намжаахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
Түүнчлэн ОХУ-ын иргэд, тэдний гэр бүлийг нүүлгэн шилжүүлэх, Газын зурваст хоригдож буй израильчуудыг суллах зэрэг асуудлаар хамтран ажиллах тухай хоёр тал ярилцжээ.