Х.Болорчулуун: Цементтэй адил гурилын үнийг барих боломжгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.12.13/ танилцуулж байна.


Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Засгийн газрын хурлаар хүнсний хангамж аюулгүй байдлын тухай 36 дугаар тогтоолын хэрэгжилт, гол нэрийн мах, гурил, улаан буудайн цаашдын байдлын тухай хэлэлцлээ. Тогтоолын хүрээнд 2023 онд 980 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөж, хүүгийн зөрүүд 135 тэрбум төгрөгийг тусгасан. Үүнээс 100 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зөрүү олгож, арилжааны банкны эх үүсвэртэй 700 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үлдсэн 280 тэрбум төгрөгийн 100 тэрбум төгрөгийг малчид, иргэдийн гар дээр байгаа мах худалдан авахад зургаан хувийн хөнгөлөлттэй зээлд зарцуулахаар шийдвэрлэлээ. Мөн 180 тэрбум төгрөгийг ирэх хавар ноолуурын бэлтгэл ажилд хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Энэ жил ургацын байдал сүүлийн тав, зургаан жил аваагүй арвин байлаа. Үр тариа гэхэд нэг га талбайгаас 14.3 центр буюу 456 мянган тонныг хураан авсан. Үүнээс улаан буудай нь 435 мянган тонн байсан. Гэхдээ есдүгээр сарын цаг агаарын байдлаас болж нийт улаан буудайн 25-28 хувь нь ангилал буурч, стандартын зэрэглэл буурсан.

Улаан буудайн гурил үйлдвэрлэхэд шаардагдах нийт хэмжээ 270-280 мянган тонн байдаг. Үүний 25-30 хувьтай тэнцэх хэмжээний улаан буудайг чанаржуулах байдлаар гадаад улс орноос худалдан авъя гэдэг асуудлыг шийдвэрлэлээ.

Гурилын үнэ зах зээлийнхээ зарчмаар явна. Энэ жил улаан буудайн хураалт дөнгөж эхэлж байхад 2400 төгрөгийн үнэтэй байсан литр дизель түлшний үнэ 3700 төгрөг болсон. Энэ бол үр тарианы үнэд шууд нөлөөлдөг. Улаан буудай, гурилын үнийг зохиомлоор өсгөх боломжгүй. Яагаад гэвэл 10 гаруй гурилын үйлдвэр өрсөлдөж байгаа учраас аль болох хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Цементийн 3-4 үйлдвэртэй адил гурилын үнийг барих ямар ч боломжгүй. Улсаас өвсний нөөцийг хангахаа больсон. Харин тэжээлийн нөөцийг бий болгож, зудтай аймаг, сумдад хуваарилдаг. Байгаа тэжээлийнхээ нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор 2.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэсэн.

Тогтоолын гол зорилго нь хүнсний гол нэрийн 19 бүтээгдэхүүнийг дотооддоо бэлтгэнэ. Мөн 40 орчим хүнсний ногоо болж байгаа. Энэ жил хүнсний ногоогоороо 85 хувийг хангалаа. Ийм байхад гадаадаас ногоо худалдаж аваад яах вэ. Тиймээс жил жилдээ тав таван хувиар татвараа нэмнэ. Тэрнээс биш гэнэт үнэд нөлөөлөхөөр 20 хувийн татвар тавихгүй ээ. Импортын татварыг тавих хууль, дүрэм байхгүй. Хангамжтайгаа уялдуулж, тав таван хувиар өсгөөд явна.

“ИРЭХ 2024 ОНД БҮХ ҮХЭР СҮРГЭЭ БҮРТГЭЛЖҮҮЛЖ АМЖИХГҮЙ”

Үхэр ээмэгжүүлэх төсөл буюу бүртгэлийг хийнэ. Монголоос өөр үхэр сүргээ бүртгэлжүүлээгүй улс байхгүй. Сингапурт модоо хүртэл бүртгэлжүүлсэн байдаг. Үхрийн мах шимэгч бактер их агуулдаг учраас онцгой олон улсын шаардлага тавьдаг. Хамгаалагдсан аж ахуйгаас үхрийн мах нийлүүлэх ёстой. Ирэх 2024 онд бүх үхэр сүргээ бүртгэлжүүлж амжихгүй. Эрүүл бүсийн таван аймаг байгаа. Нийт үхэр сүргийн 30 хувь энэ бүсэд байгаа. Эдгээрийг ээмэгжүүлнэ.

Эрүүл мэндийн байгууллагад судалгаагаа өгч байна. Хоёр жилийн хугацаанд эрүүл бүс болдог.

Энэ ондоо стандартыг батлах чиглэлтэй ажиллаж байна. Хятад руу дулааны аргаар боловсруулсан үхрийн махыг хоёр улсын хэлэлцээрээр 4-4.5 ам.доллараар нэг килограммыг гаргаж байгаа. Яг хамгаалагдсан бүсээс нийлүүлж байгаа мах 6-10 ам.доллараар зарагддаг. Тариаланчдын хашаажуулах төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2-3 жилийн хугацаанд хийж дуусгана. Олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Монгол Улс өнгөрсөн жил 16 мянган тонн экспортолсон. Энэ жил дөрөв дахин нэмэгдэж, 70 мянган тонн буюу чанасан махаа түүхий маханд шилжүүлбэл 110 мянган тонн мах гаргаад байна. Түүхэн үзүүлэлт юм. Экспортоор гарч байгаа малын махыг чанартай байлгах нь маш чухал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *