Сангийн сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Сайд Б.Жавхлан “Зээлийн гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Нэг тэрбум долларын Сенчири I төслийг КОВИД-ын үед хэрэгжүүлсэн. Сенчири II төслийг мөн адил амжилттай хэрэгжүүлж дефолтоос бүрэн гарсан байдаг.
Энэ удаа ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх зорилготойгоор гурван төслөө арваннэгдүгээр сарын 23-28-нд амжилттай хэрэгжүүллээ. 350 сая долларын Сенчири III бондоо гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум ам. долларын захиалга авсан байгаа. Хүү нь 7.8% бөгөөд хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд.
АНУ-ын Төв банкны хүү 5.5%-ийн хүүтэй байгаа. Эрсдэлийн зөрүү нь 2.3% байна.
2020-2024 онд Засгийн газар болон Хөгжлийн Банк нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийн хуваарьтай байсныг 100% амжилттай зохицууллаа. Үүнээс 2.6 тэрбум ам.долларын хугацааг хойшлуулж, хүүг буурууллаа. Үүнээс нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төллөө. Үүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг төлж барагдууллаа.
Сенчири III төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо.
2026 он хүртэл валютын нөөцөө хадгалах бүрэн боломжтой болж байна. Хуваарьт төлбөр 2026 оноос дахиж эхлэхээр 600 сая хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2030 он гэхэд бондын бүх төлбөрийг барагдуулах юм” гэв.
Монгол Улс энэ онд нийт тэрбум гаруй долларыг бонд, хүүгийн төлбөрийг төлсөн ч жилийн эцэст валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларыг давахаар хүлээлттэй байгааг тэрбээр хэллээ.