УБЦТС: Олон нийтийн сүлжээнд тавигдсан цахилгаан хязгаарлалтын график нь батлагдсан хуваарь биш

Улаанбаатарын хэмжээнд цахилгаан хязгаарлах хуваарь гарсан талаарх мэдээлэл цахим орчинд тавигджээ.

“2023-2024 оны өвлийн ачааллын үед нэгдсэн сүлжээнд чадлын дутагдал үүссэн үед УБЦТС ТӨХК-нд хийх хязгаарлалтын график” хэмээн бичсэн тус хуваарийн талаар холбогдох албанаас тодрууллаа.

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ (УБЦТС)-ний албаны эх сурвалж “Манайхаас албан ёсоор эрчим хүч хязгаарлах хуваарь гаргаагүй.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэл нь яаралтай үед авч хэрэгжүүлэх жишиг маягийн график байдаг болохоос биш батлагдсан хуваарь биш.

Төлөвлөгөөт засварын ажил эсвэл гэнэтийн аваар ослын хязгаарлалтыг УБЦТС-нээс төлөвлөдөггүй. Одоогоор хуваарь гаргаагүй. Системийн хэмжээний хязгаарлалтыг Диспетчерийн Үндэсний Төв зохицуулалт хийдэг” гэлээ.

Үргэлжлүүлэн тодруулахад “Жил бүрийг угтаж хэрэгтэй үед ашиглах графикийг батлуулдаг. Яг үнэндээ энэ графикийн дагуу цахилгаан тасалж, хязгаарлалт хийгээгүй.

Энэ зураг яаж байгаад олон нийтийн сүлжээнд цацагдсаныг тодорхой хэлж мэдэхгүй байна.

Системийн ачаалал ямар байгааг Диспетчерийн Үндэсний Төвөөс хянаж байдаг. Тухайн үед нь ямар шугамын ачааллыг хөнгөлөх шаардлагатайг зохицуулдаг” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *