Нүүрсний асуудлыг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны өчигдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, экспортын мэдээллийг сонсож байгаа билээ. Энэ үеэр ШИНЖЭЭЧ бүртгэлгүй гарсан нүүрсний талаар танилцуулсан юм.
Тэрбээр “Нүүрс Ачих Буулгах Талбай (НАБТ) эрхлэгч 36 ААН-ээс ирүүлсэн пүүний программын өгөгдөлд 2014-2023 онд хамаарах 487 компани 59,928 удаагийн давтамжтайгаар нийт 63,369,021 тонн нүүрсийг Цагаан хад суурьшлын бүсээс Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тээвэрлэсэн байгаа.
НАБТ-н пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээвэр С-зөвшөөрөл бүхий 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна.
НАБТ-н пүүний программд С-зөвшөөрөл бүхий тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан нийт 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрсний тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байлаа” хэмээн ярив.
Мөн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүд болон гэрчүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Улс төрчдийн амнаас гарсан 44 их наяд болон 440 их наяд гэсэн тооноос болж ард түмэн өнгөрсөн өвөл Сүхбаатарын талбайг дүүртэл жагсаж байсан. Үүнээс болж Монголын ард түмэн юмаа хулгайд алдсан хүн шиг нэг жил амьдарлаа. Энэ нь эсрэгээрээ Монголын төрд итгэх итгэлийг асар их бууруулж байгаа юм.
“Жиасмон ложистик ХХК”-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд: Манай компанийн 2,600 гаруй машин гаалийн бүрдүүлэлтгүй гарсан хэмээн тусгасан байна. Хятадын гаалийн зүгээс ийм байх ямар ч боломжгүй. Тухайн машин нь Монголын гаалийн бүрдүүлэлтгүйгээр Хятадын гааль руу орвол хүлээж авахгүй байх нөхцөл үүсдэг. Тэгэхээр энэ мэдээлэл нь үндэслэлгүй байна. Мөн С-зөвшөөрөл нь хязгаартай бөгөөд сардаа 3-4 удаа тавигддаг.
Бүрдүүлэлтгүй гээд байгаа машины тооны талаар мэдээлэл өгөхөд тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дундын тээврээр дамжуулагдаад, дахиад терминал дээр очоод өөр машинд шилжүүлэгдэж ачигдаад гардаг байсан. Энэ процессын бүртгэл нь НАБТ-аас гарсан машин дээр бүртгэгдээд байх шиг байна. Нэг жолооч 1-2 жилийн дотор 130 удаа бүртгэлгүй гаалиар гарах ямар ч боломжгүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Маш олон хүн 40 их наяд чинь юу болов оо гэж асуугаад байна. Авлигатай тэмцэх газрын хүмүүс надаас нүүрсний хулгайн талаар танилцуулга хийж өгч болох уу гэсэн. Шинжээчид 330.5 сая ам.долларын асуудал байна гэж ярьсан. Гэтэл бодит байдал дээр 5.2 сая тонны зөрчил гарсан байна. Миний тооцооллоор алдагдсан нүүрсийг биетээр нь авсан юм. Санхүүгийн хүн нь мэддэг зүйлээ ярья.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Нэг тоогоо хамгаалж чадаагүй дээ өөр юм ярих хэрэггүй Т.Доржханд гишүүн ээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хоёр гишүүн 40 болон 440 их наяд гэсэн тоо яриад байсан. Хулгай гэдэг чинь хэдэн тонн нүүрс юм, 440 их наяд уу, 40 их наяд уу гэдгээ тодруулах хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлтээр 5.2 сая тонн нүүрс бүртгэлгүй гарсан гэж танилцууллаа.
Үүнийг хамгийн дээд 150 ам.доллароор үржүүлж үзвэл 2.6 их наяд төгрөгийн хулгай гарч байгаа шүү. Бид Шинжээчдээ итгэх ёстой гэж үзэж байгаа. Шинжээчид буруу бодсон гэж үзэж байвал хоёр гишүүн шүүхэд өгч болно.
Бид хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байна. Ард иргэдийг үймүүлсэн, буруу гажуу мэдээлэл өгсөн ёс зүй байж болохгүй. 5.2 сая тонн нүүрсний асуудал яригдаж байна. Энэ нь хоёр их наяд төгрөгийн асуудал учраас үүнийг шүүх ёстой.
Тэгэхээр худалдаалагч нь 5.2 сая тонн нүүрс зарсан юм уу. Жолооч нартай ярих ямар ч шаардлага байхгүй. ААН-үүдийн ямар гэрээгээр, гаалийн бүрдүүлэлтээ хийгээд гаргасан юм.
“Эко глобал ложистик” ХХК-ийн дэд захирал Ш.Нэргүй: Шинжээчийн дүгнэлтэд буруу тоонууд байна. Жишээлбэл “Эко глобал ложистик” ХХК 4,236 удаа гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэсэн тоо тавьсан байна. Манай компани 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа.
Тэгэхээр нэг машин өдөрт гурван удаа гарсан тоо гарна. Энэ нь ямар ч боломжгүй зүйл. Нэг машин С-зөвшөөрлийнхөө хүрээнд сард 2-3 удаа л гардаг. Машин гаалийн бүрдүүлэлтгүй гарах боломжгүй.