Х.Бэхбат: Израйл, Хамасын дайн олон улсын харилцаанд уршиг дагуулахаар байна

Базарбямбын НЯМСҮРЭН

Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Х.Бэхбаттай ярилцлаа.

Газрын зурваст өрнөөд байгаа Израйл-Хамасын хямралыг өнөөдөр эхлээгүй. Олон жилийн өмнө эхэлсэн асуудал одоо эцэстээ тулж байгаа нь энэ гэж ярьж, бичиж байна. Та болж буй энэ үйл явдлыг судлаачийн хувиар хэрхэн дүгнэж байна вэ?

-Ойрхи Дорнодод болж байгаа энэ хямрал мөргөлдөөн бол олон улсын харилцааны хувьд маш том чухал зангилаа асуудал гэж үзэж болно. Бүс нутгийн хувьд ч олон улсын харилцааны зангилаа бүс нутаг, мөн дэлхийн бодлогын хэмжээнд үзэхэд ч олон жилийн турш явсаар ирсэн том асуудлын нэг.

Ерөнхийдөө Израйл Хамасын энэ дайныг олон улсын харилцааны цаашдын хөгжилд асар их уршиг дагуулах үр дүнтэй байхаар харагдаж байна.

Зөвхөн Израйл Хамас гэлтгүй Орос Украйн болон бусад томоохон үйл явдлуудаас геополитикийн их шилжилт, өөрчлөлт явагдаж буйг судлаачид дүгнэх болсон. Тэгвэл одоо болж байгаа энэ асуудал нь тэрхүү геополитикийн өөрчлөлт, тиктоникийн хөдөлгөөнд ямар нөлөө үзүүлэх бол?

Олон улсад геополитикийн өөрчлөлт дахин хуваарилалт явагдаж байгаа нь үнэн. Энэхүү Израйл-Хамасын асуудал нь геополитикийн дахин хуваарилалтыг түргэсгэсэн үйлдэл яах аргагүй болж байна. Зах зухаас нь ярихад, Израйлыг дэмжих, Палестинийг дэмжих нэг хэрэг. Нөгөө талаар хоёуланг нь тусгаар улс болгож байгуулаад эв зүйг нь олуулаад цааш аваад явах нэг өнцөг байна. Хамгийн гол нь эдгээрийн алинд нь ч нэгдсэн олон улсын байр суурь ерөөсөө гарч чадахгүй болчихоод байна. Израйл Араб, Израйл Палестиний зөрчлийг шийдвэрлэх арга зам ерөөсөө харагдахгүй, харин ч улам бүдгэрэх байдалтай байгаа нь өнөөгийн нөхцөл байдлаас ажиглагдаад байна.

Геополитикийн хувьд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ гэхээр Global south болон хойд буюу өрнөдийн орнууд хоёрын хоорондын ялгарал улам хүчтэй болж байна. Global south нь асуудлыг энх тайвнаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг талд байхын зэрэгцээ Арабын орнуудын нэгдсэн байр суурийг арай илүү дөвийлгөх байр суурьтай. Гэтэл нөгөө талд Орос, Хятад хоёр хоорондоо ойртож байгаа гэж хэзээнээсээ ярьдаг. Тэгвэл Арабын гол тоглогч орнуудтай илүү ойртох бүх зам чөлөөтэй болж хувирч байна. Орос Турктэй, Ирантай, Саудын Арабтай ойртож эхэллээ. Мөн Палестинийг дэмждэг АНЭУ, Катар, Оман зэрэг улсуудтай илүү ойр байх боллоо.

ОХУ ингэж Арабын орнуудтай ойртож байгаагийн үндсэн шалтгаан нь юу юм бэ?

-Үүнийг олон янзаар тайлбарлаж байгаа. Украйны дайнаас гол анхаарлыг холдуулаад Украйны эсрэг, Украйныг үл дэмжигчдийн нэгдлийг бий болгож байна гэж харж болно. Товчхондоо, ОХУ олон улсад өөрийг нь дэмжих, өөрийнх нь талд хамт байх нэгдлийг бэхжүүлэхийн төлөө энэ цаг үеийг овжин ашиглаж байна гэж харж ажиглагчид үзэж байна.

Та улс орнуудыг нэгдсэн байр суурь байхгүй байна гэж хэллээ. Жишээлбэл өрнөдийн орнуудын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Өрнөдийн орнуудын эхний дүр зургийг харахад Европын холбооны орнууд нэгдсэн байдлаар дэмжиж байгаа зүйл байхгүй. Зарим нь Израйлыг, зарим нь Палестинийг дэмжиж байна. Нэг хэсэг нь Америк юм уу Израйлын байр суурийг сахиж байгаа нь ч харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Европын улсуудад нэгдмэл байр суурь байх ёстой гэдэг нь одоогоор алдагдчихсан байна. Нөгөө талд АНУ Израйлыг шууд дэмжиж байгаа боловч хүмүүнлэгийн талд Израйлын үйл ажиллагааг эсэргүүцэх жишээний. Ингээд Европ бүхэлдээ, АНУ-ын баримталж байгаа байр суурийн хооронд завсар гараад эхэллээ. Америктай ч Израйлыг дэмжиж байгаа, Хамасыг устгах ёстой гэж үзэж байгаа. Израйл улсыг өөрийнхөө оршин тогтнох эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэх нь зөв гэж үзэж байгаа ч зарим тохиолдолд байр суурь, арга тактикийн зөрүү гараад эхэлсэн. Үүний нэг жишээ нь хамгийн сүүлд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр нэг тогтоол батлуулахад АНУ эсрэг санал өгөөд унагаачихлаа. Энэ мэтээр геополитикийн дэлхийн нийтийн дүр зураг айхтар хувьсах төлөв улам баттай болж байна.

Энэхүү асуудалд манай улсын нөхцөл байдал, байр суурь ямар байгаа вэ?

-Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд баримталж байгаа Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл браимтлалд тодорхой тусгасан энхтайванч байр суурь, зарчимч байдал хэвээрээ. Манай улс аливаа асуудлыг энх тайвнаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энд ямар нэг өөрчлөлт байхгүй. Дэлхийн геополитикийн дүр зураг нэгэнт өөрчлөгдөж байгааг бид анхааралтай хараад түүнээс өөрсдөдөө тохирсон сургамж, үнэлэлт дүгнэлт хийгээд явах чадвартай байх ёстой. Ойрхи Дорнодод гал дүрэлзэж байгаа нь манай улсаас тийм ч хол зүйл биш. Өнөөдрийн хувьд Алс дорнодоос илүү Ойрхи Дорнод манай улсад ойр байдаг.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн талаар сүүлийн үед багагүй шүүмжлэл гарах болсон. Дэлхийн хаа сайгүй дайн мөргөлдөөн, хүний эрх зөрчсөн асуудлууд ар араасаа гарч байгаа нь Аюулгүйн зөвлөл ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байна гэх зэргээр шүүмжилж байна. Үүний зэрэгцээ Аюулгүйн зөвлөлийг өөрчлөх, салхи оруулах цаг болсон гэх яриа бас гарах боллоо. Аюулгүйн зөвлөлийн ойрын ирээдүйн өөрч­лөл­тийг та хэрхэн харж байна вэ?

-Араб, Израйлын олон арван жилийн турш явж ирсэн мөргөлдөөн дайн болж хувирлаа. Израйл,Хамасын дайн гэж бид томъёолоод байгаа болохоос биш энэ бол Араб Израйлын хувьд ээлжит дайн нь юм. Шинэ юм биш гэж хэлж болно. Аюулгүйн зөвлөлийн хувьд сүүлийн олон жилийн турш НҮБ-ын үйл ажиллагааны үр дүн гэхээр бүхэлдээ хямралд орчихлоо гэж дүгнэх болсон. Энэхүү шүүмжлэл, дүгнэлт олон жил болж байгаа. НҮБ хямралд орно гэдэг олон улсын эрх зүй олон чиглэлээрээ хямралд орчихлоо гэдгийг тодорхой харуулж байна. Ялангуяа дайн байлдаан зэвсэглэл, энх тайван, хүний эрхийн холбогдолтой өнөөг хүртэл баримталж ирсэн хэм хэмжээ, хямралд орчихоод цаашид яах вэ гэдэг асуулт хамгийн хүчтэй болчихоод байна. Аюулгүйн зөвлөлийн хувьд ВЕТО тавих эрхтэй таван улс л байгаа. Үүнийг өөрчилье, шинэчилье гэж сүүлийн жилүүдэд тасралтгүй яригдсан ч шийдэгдэхгүй хэвээр байгаа юм.

Энэ асуудал цаашид шийдэгдэх болов уу эсвэл өөрчлөлт гарахгүй хэвээр байх болов уу?

-Шийдэгдэх ёстой, шийдэх нэг өдөр ирнэ гэж би хувьдаа итгэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 253 (7238)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *